АТГ-ЫНХАН УБЕГ-ЫН ДАРГА Л.АМАРСАНААД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ

АТГ-ын удирдлагууд он гарсаар хийсэн ажлаа тайлагнаж, өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Уг хуралд тус газрын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаяр, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгээ, Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан нар оролцсон юм.
Энэ үеэр олны анхаарлын төвд буй зарим хэргийн талаар сэтгүүлчдийн асуусан асуултад АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат ийн хариуллаа.

-Ашигт малтмалын газ­рын дарга асан Д.Бат­хуягийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуу­далд буруутган шалгаж байгаа. Үүнтэй холбоотой “Саус Гоби Сэндс” ком­па­нийг ч шалгасан. Энэ хэрэг ямар шатанд явна вэ?
-“Саус Гоби Сэндс” компанийг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудалтай холбогдуулан эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасан. Ашигт малтмалын газрын удирдлагуудтай хол­богдох эрүүгийн хэрэгт энэ компанийн зарим үйл ажил­лагаанд шалгалт хийх гарцаагүй байдал үүссэн юм. Одоогоор мөрдөн байцаалт дуусаагүй байна.
-ЗХЖШ-ын зарим гене­ралд эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлэл түгсэн. Ямар үндэслэлээр шалгасан юм бэ?
-БНАСАУ-ын Элчин сайдын яам­­наас манайд хандсан учир ЗХЖШ-ын Агаарын дов­толгооноос хамгаалах цэргийн ко­мандлагчид холбогдох асууд­­­­лыг шалгасан. Тус улсын тө­лөөлөгчдийн өгсөн 1,3 сая ам.доллартай тэнцэхүйц хэм­жээний мөнгөнөөс тодорхой хэс­гийг нь завшсан гэсэн үн­дэс­­­лэлээр. Гэхдээ прокурор хэр­­гийг хянаад хэрэгсэхгүй болгосон.
-УБЕГ-ын дарга Л.Амар­санаад эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн. Энэ үнэн үү?
-Тийм ээ. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Одоо­гоор мөрдөн байцаалт үргэлжилж байна. Цаашид холбогдсон хэргийн харьяал­лаас хамаарч бусад хууль хяналтын байгууллагатай хамтарч шалгаж магадгүй.
-УИХ-ын гишүүн, Сан­гийн сайд Д.Хаянхярваад хол­богдох хэргийг шалгаж дууссан уу?
-УИХ-ын гишүүн Хаянхяр­ваад нэр дэвшсэн тойргийнхоо иргэдэд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө тараасан гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
-Багануур дүүргийн За­­саг дарга Ц.Сандаг-Очирт эрүү­гийн хэрэг үүсгэсэн гэсэн. Ямар үндэслэлээр түүнийг буруутгаж байгаа вэ. Мөн Дундговь, Ховд, Өмнөговь аймгийн Засаг дарга нарт холбогдох хэргийн тухай мэдээлэл өгөхгүй юү?
-Багануур дүүргийн Засаг дарга Сандаг-Очирт Газрын тухай хууль тогтоомжоор тог­тоосон журмыг зөрчиж, газар олгосон гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Одоо­гоор мөрдөн байцаалт явуулж байна. Дундговийн Засаг дарга Чандмань, Өвөрхангайн За­саг дарга Тогтохсүрэн на­рыг шалгаад эрүүгийн хэ­рэг үүсгэхээс татгалзсан. Ховд аймгийн Засаг дарга Ням­­даваад эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Ха­рин Өмнөговийн Засаг дарга Бад­раад эрүүгийн хэрэг үүс­гэн, шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр хавтаст хэргийг нь прокурорт шилжүүлсэн. Гэвч прокурор хэрэгсэхгүй болгосон.
-“Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазарт та­най байгууллага эрүүгийн хэ­рэг үүсгэн шалгасан. Гэ­тэл прокурор хэрэгсэхгүй болгочихлоо. Үүнд ямар хариу өгөх вэ?
-Манайх Анандбазарт бус­дад хээл хахуул өгөхөөр бэлд­сэн хэрэгт холбоотой гэж үзээд шалгасан. Гэтэл прокурорын бай­гууллага түүнд хол­богдох хэргийг хэрэгсэхгүй бол­госон юм. Түүнчлэн УИХ-д МАН-аас нэр дэвшихээр бол­сон байсан. Сонгуульд нэр дэвшихтэй нь холбоотойгоор тухайн тойргийнх нь зарим иргэн, аж ахуйн нэгж бай­гууллагын талаар мэдээлэл хад­галж байсан нь илэрсэн. Тий­­мээс бид энэ асуудлыг нь тагнуулын байгууллагад шил­жүүлсэн байгаа.
ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ ДАХИН АВАХ АЖИЛ 70 ХУВЬТАЙ БАЙНА
АТГ-ын Хяналт шалгалт, дүн шин­жилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан:

-Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг энэ оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт өөрчлөгдсөн байгаа. Энэ хуулийн дагуу албан тушаалтнуудаас хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь шинэчилсэн байдлаар дахин авч байна. Энэ ажил наймдугаар сарын 15-нд дуусах ёстой. Одоогоор хөрөнгө, орлогын мэдүүлэг дахин авах ажил 70 хувьтай. Улсын хэмжээнд 2012 онд 58 мянган албан тушаалтан хөрөнгө, орлогоо мэдүүлсэн. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалт”-ыг баталснаар мэдүүлэг гаргах албан тушаалтны тоо цөөрч, 47 мянга гаруй болсон. Манай байгууллага энэ оны эхний хагас жилийн байдлаар 3116 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг хянаж, 225-ынх нь мэдүүлгийг нарийвчлан шалгалаа. Мэдүүлгээ худал, буруу бөглөсөн зарим албан тушаалтнуудад албан тушаал бууруулах, цалингийн нь 20-30 хувиар торгох, ажлаас нь халах зэрэг хариуцлага тооцуулсан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээр төрийн албанд ажилд орох гэж буй хүмүүс манай байгууллагад хувийн ашиг сонирхлынхоо талаар мэдүүлэг гаргадаг болсон. Гэтэл төрийн албанд томилогдохоос өмнө мэдүүлгээ өгөх байтал албан тушаалд томилогдсоныхоо дараа өгөх явдал гарч байна.
АТГ-ЫНХНЫ ШАЛГАСАН ХЭРГҮҮДЭЭС ТАВЫГ НЬ Л ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЖЭЭ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга С.Цоодолсэнгээ:

-Энэ оны эхний хагас жилийн байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 398 гомдол мэдээлэл хүлээж авсан. Гэмт хэргийн тухай 183 гомдол мэдээлэл хянаснаас 42-т нь эрүүгийн хэрэг үүсгэж, 66-д нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 59-ийг нь харьяаллын дагуу бусад байгууллага руу шилжүүллээ.
Түүнчлэн нэг гомдлыг эрүүгийн хэрэгт нэгтгэсэн бол одоо 15 гомдол, мэдээлэл шийдвэрлэгдээгүй үлдсэн. Мөн хугацаанд 434 үйлдэлтэй, 109 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулсан. Үүний дийлэнх нь албан тушаалын байдал, эрх мэдлээ хэтрүүлэх, урвуулах, авлига авсан, өгсөн хэрэг юм. Мөрдөн шалгасан хэргүүдээс 22-ыг нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 16-г нь хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүллээ. Мөн 16 хэргийг харьяаллын дагуу бусад хууль хяналтын байгууллагад шилжүүлж, 17-г нь өөр хэрэгт нэгтгэн, нэг хэргийн мөрдөн байцаалтыг ажиллагааг түдгэлзүүлсэн. Одоо 36 хэрэгт мөрдөн байцаалт явуулж байна. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн хэрэгт 66 хүнийг сэжигтэн, яллагдагчаар татсан. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргүүдээс тавыг нь л шүүх шийдвэрлэсэн.
Мөрдөн шалгасан нийт хэргийн улмаас 23 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 1,3 тэрбум төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын явцад барагдуулсан бол 3,6 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжлээд байна.

ardchilal


URL:

Сэтгэгдэл бичих