Д.Хаянхярваа Төрийн дансыг ингэж “улайлгажээ”

Цадиггүй улс төрийн тухай сонгомол жишээ манайхаар дүүрэн бий. Тэдгээрээс сүүлд ил болсноос нь дурдахад Сангийн сайд Д.Хаянхярваагийн ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлийг нэрлэж болно. Өнөө жилийн хувьд гэвэл Монгол Улсын Сангийн сайд Д.Хаянхярваа байсан учраас Дарханы өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэн азтай байж нэг сая төгрөгөө сонгуулийн өмнө бүтнээр нь авсныг хэвлэлүүд мэдээлсэн.

 

Мэдээж ийм хууль бус, ялгавартай үйлдэл хийснийхээ төлөө Д.Хаянхярваа сонгуулийн сурталчилгаандаа “Нэг сая төгрөгийг олгуулсан” хэмээх мессежийг бардам ашигласан билээ. Энэ нь ч үр дүнгээ өгч УИХ-ын сонгуульд ялсан болох нь тодорхой ажээ. Энэ бүхний эцэст УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын гомдлоор Д.Хаянхярваад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм. Бүх зүйл тодорхой байхад Сангийн сайдтай холбоотой хэрэг юу болох нь одоо иргэдийн анхаарлын төвд байна.

 
Хэрэг явдал үүгээр дууссангүй. МАН-ын Засгийн газрын үед томилогдсон Сангийн сайд Д.Хаянхярваа ганцхан өөрийгөө боддог өөдгүй амьтан ч биш бололтой. Тэрээр намынхантайгаа холбоотой мөнгө, төгрөгийн асуудлыг нь хүртэл сонгуулийн өмнө шийдэж өгсөн учраас өдгөө Монгол Улсын төрийн данс “улайсан хэрэг”. Албан бус ч гэсэн бараг л баталгаатай мэдээллээс үзэхэд өдгөө манай төрийн сан сонгуулийн өмнөх Д.Хаянхярваагийн хаялгаас болж үндсэндээ хоосорчээ. Тэрээр энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр 86 тоот тушаал үзэглэсэн байна. Анхааралгүй уншвал энэ нь зүгээр л нэг тушаал боловч агуулгаар нь хөөвөл МАН-ынхан сонгуулийн өмнөх шоугаа хийх зорилготой мөнгөний хуваарилалт байж.

 

Учир юу гэвэл “Тушаалын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хэмээх тушаалд “ Аймаг нийслэлд эрх шилжүүлэх тухай Сангийн сайдын 2012 оны 32 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх, аймаг нийслэлд хөрөнгө оруулалтын төсөл арга, хэмжээ, барилга байгууламжийн санхүүжилтийн хуваарийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Зам тээвэр барилга, хот байгуулалтын сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцад тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг энэ тушаалын хоёрдугаар хавсралтад зааснаар өөрчилсүгэй” хэмээжээ.

 

Энэхүү өөрчлөлтүүд нь юу байсан бэ. Энэ бол жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилготой батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гийн хөрөнгөөс иргэдэд олгосон 2-10 сая төгрөгийн зээлийн хариуд тэдгээрийг сонгуулийн сурталчилгаандаа ашигласан хэрэг байв. Ганц Завхан аймагт л гэхэд тус тойрогт нэр дэвшсэн нэгэн гишүүн уг сангийн 500 сая төгрөгийг зээл хэлбэрээр гаргуулах гарын үсгийг Д.Хаянхярваагаар зуруулж тус аймгийн нийт сумын 108 иргэнд олгуулжээ. Харин үүнийхээ хариуд тэрээр өөрийнхөө сонгуулийн PR-г тун амжилттай хийж, ялалтад хүрснийг энд дурдах хэрэгтэй.

 
Ийнхүү Д.Хаянхярваа гишүүн Сангийн сайдаар томилогдсоныхоо өрийг намынхаа гишүүдэд төлж түмний мөнгийг өөрийнхөө, МАН-ын хөрөнгө юм шиг сонгуульд ашигласан байх юм. Энэ талаар зарим аймгийн Ардчилсан намын хорооныхон тухайн Тойргийн хорооддоо гомдол гаргаад байгаа юм билээ. Хамгийн сонирхолтой нь зээл олгогдсон иргэд нь тухайн нэр дэвшигчийн буюу МАН-ын гишүүд, дэмжигчид, сумдын дарга нар, түүний гэр бүл, төрөл төрөгсөд төдийгүй шадар туслагч, ухуулагч нар байгаа юм. Энэ үйлдэл нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.15.1 /сонгогчдын саналыг татах зорилгоор сонгогчид эд мөнгө…..үнэгүй тараах/,35.15.5-д заасан /ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, аман хэлцэл хийх,… зэрэг амлалт авах/, 35.18.10 дахь / сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан… иргэн, байгууллага, хамт олонд… мөнгө эд бараа төлбөргүй тараахыг хориглоно/ гэх заалтуудыг ноцтой зөрчсөн байна гэж үзэж хуулийн байгууллагад ханджээ.
Ийнхүү төрийн, түмний мөнгөөр сонгуульдсан Сангийн сайд болоод МАН-ынхны тухай баримтууд дэлгэгдээд байгаа. Харин одоо энэ хэрэг хэрхэн шийдэгдэж Д.Хаянхярваа парламентад суух уу, хариуцлага хүлээх үү гэдгийг ард түмэн харж байна. Сангийн сайд Д.Хаянхярваа төрийн дансыг ингэж л “улайлгажээ”.

 

Ө.СОДОН  Зууны мэдээ сонин


URL:

Сэтгэгдэл бичих