Н.Энхбаярын шүүх хурал дахин хойшлох уу
Дөрвөн удаа янз бүрийн шалтгаанаар хойшлоод байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр болон До.Чулуунбаатар, Д.Дуламсүрэн, Ж.Мягмаржаргал нарыг шүүх хурал өнөөдөр болохоор товлогдоод байгаа хэдий ч болно гэсэн найдвар тун бага байна.
Учир Н.Энхбаярын өмгөөлөгч Сүхбаатар дүүргийн шүүхэд албан бичиг хүргүүлсэн бөгөөд олон тооны гэрч, гэрч, хохирогч, шинжээчдийг шүүх хуралд оролцуулахыг шаардсан, хүссэн хоёрын дундуур албан бичиг өгөөд байгаа.
Тус албан бичигт шүүх хуралд гэрч, хохирогч, шинжээчдийг заавал оролцуулахыг дурдсан. Тухайлбал “МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд мөрдөн байцаалтын ажиллагааг нэг талыг барьж, олон хүнийг хоморголон баривчилж, албадан ирүүлэхээр сүрдүүлж, улмаар Монголын нийгэмд айдас хүйдэс буй болгосон хүнлэг бус нөхцөл байдалд явуулсан.
Тиймээс Н.Энхбаярыг холбогдуулсан хэргийн болж өнгөрсөн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлох ба шүүгдэгчийн яллах ба цагаатгах нөхцөл байдлыг бүрэн тогтоохын тулд дараахи гэрч, хохирогч, шинжээчийг шүүх хуралдаанд заавал биечлэн оролцуулах зайлшгүй шаардлагатай байна. Энэ нь үндэсний хууль тогтоомжийн төдийгүй манай улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын эрх зүйн наад захын шаардлага юм” гэсэн утгатай аж. Улмаар Д.Чойжамц хамба болон Ц.Баатарсайхан, Биндэръяа, Б.Эрдэнэбилэг, Н.Баасанжав, Ц.Мөнх-Оргил, Д.Сугар, Ш.Алимаа, Ш.Батбаяр, Г.Нинжин, Б.Баатар, Ц.Батбаяр, Н.Болормаа, Ш.Раднаа-сэд, Т.Бадамжунай, Х.Наранхүү нарыг шүүх хуралд гэрчээр оролцуулахыг хүссэн байна. Мөн хохирогчоор тогтоогдсон Н.Нанзаддорж, Д.Батбилэг, О.Машбат, М.Энхболд, шинжээч Г.Наранцэцэг, Р.Зоригт, Ж.Уртнасан нарыг заавал шүүх хуралдаанд оролцуулах ёстой гэжээ.
Өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авахгүй бол шүүхийн хэлэлцүүлгийг нэг талыг барьж дутуу хийсэн гэж үзэж, шүүхийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэл байдаг гэдгийг ч албан бичигт дурдсан байна. Анхан шатны шүүх дээрх хүсэлтийг хүлээж авбал, Н.Энхбаяр нарыг шүүх хурал дахин хойшлохоос аргагүй байдалд хүрнэ. Учир нь дээрхи албан бичигт дурьдсанчилан Д.Чойжамц хамбыг заавал оролцуулна гэж “зүтгэвэл” уг шүүх хурал мөн л өмнөх шигээ хойшлогдох төлөвтэй байна. Учир нь Д.Чойжамц хамбын хувьд Лондон хотноо Олимпийн наадам үзсэн шигээ зугаалж яваа. Харин бусад гэрч нарын хувьд тодорхой мэдээлэл алга байна. Ямартай ч С.Нарангэрэл өмгөөлөгчийн хүсэлтийг гүйцэлдүүлэх боломжгүй болсон тул шүүх хурал дахин хойшлох магадлал өндөр байна.
Манай нийгэмд жирийн “ядуу” иргэд “хилс” болон хийсэн хэрэгтээ ял эдлэж байхад мөнгөтэй бас төрийн томоохон албан тушаалтнууд энэ мэт хэргээ хэрэгсэхгүй болгох нь хууль ёсонд хэр их нийцэж байна вэ? Мөн өчигдрийн байдлаар АТГ-ынхан Н.Энхбаярын хэргийг шалгаад дараагийнх нь шатанд явуулсан. Гэвч шүүх байгууллага энэ хэргийг хэтэрхий удаашруулж байна. Ингэснээр иргэдийн шүүхэд итгэх итгэл үгүй болох нэг хэлбэр. Мөн энэ байдлыг зарим нэг авилгад “идэгдсэн” шүүгчид бий болгож байна. Одоогоор эдгээр шүүгчдыг шалгаж байгаа. Нэрийг нь дурьдах боломжгүй хэмээж байсан юм. Мөн АТГ-аас ирэх 2013 оныг авилгалын эсрэг бүх нийтийн жил болгон зарласан аж. Гэвч энэ мэт шийдэгдээгүй хэргүүд нь үйл ажиллагаагаа явуулахад саад болж буйг онцлож байсан юм.
Duulian.mn Б.Отгон
URL: