”Баг алагчид”
Аливаа юманд амны хишиг чухал гэж нэгэн алдартан хэлсэн гэдэг.
Үнэхээр МАН ажиллаж чадаагүй болоод л Ардчилсан намд ялагдлаа. Тэрнээс биш, улс орон маань бүх л бүтэн дөрвөн жил тэдний мэдэлд байсан юм. Тэгвэл бас нэгэн алдартан “Монголчууд тамын тогооны үлгэрээр амьдардаг” гэж үнэхээр онож хэлжээ. Авлига хүнд суртал, шударга бус байдал болоод бусад бурангуйн намагнаас /АН-ын сурталчилгаанаас/ сугалан гаргах ганц найдвар нь Ардчилсан нам мөнөөсөө мөн гэдэгт монголчууд “үнэнээсээ” итгэсэн. Хөдөөнийхөн гэхээсээ хотынхон Ардчиллын ялалтад үнэт хувь нэмэр оруулсан нь ч үнэн. Ардчилсан нам л тэдний амьдралыг өөрчилж магадгүй гэж итгэсэндээ тэр. Гэтэл Ардчилсан намын чанга гишүүдийн нэг Н.Батбаяр хурал хаяж гаран, Ардчилсан нам ч МАН-ын адил зөрчилтэй гэдгээ харууллаа. Ардчилсан нам Үндэсний хөгжил шинэтгэлийн хороог Хөгжлийн яам болгож, даргаар нь МҮДН фракцийнхны нэгийг тавина гэсэн яриа өөрчлөгдсөнөөс энэ бүх зөрчил үүдэлтэй гэх. Үнэн ч гэх үндэслэл байгаа юм. Өнгөрсөн рүү найман сарын аялал хийгээд үзье.
Сонгогчдын 20 хувийн дургүйцлийг төрүүлэхэд хангалттай /Сонгуулийн пропорциональ системээр МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл ийм хэмжээний санал авсан/ МАНАН хэмээх бүлэглэл нэгэнт хүчээ аваад байлаа.
Энэ үед МоАХ ҮЗХ-г хуралдуулж, намаа Засгийн газраас салгаж авна гэсэн “бор шувуу” ниссэн. Энэ яриа иргэдийн дэмжлэгийг аваад ирэхтэй зэрэгцээд МҮДН фракц бараг л “Намаа аварна” “ухааны юм” ярин ҮЗХ-г хуралдуулсан. Энэ үед “АН намынхаа удирдлагын өөрчлөх нь”, “МоАХ, АХХ, МҮДН хамтран Н.Алтанхуягийг хөнтрөх нь” гэсэн бодол төрж байсан нь нууц биш. Гэтэл ҮЗХ-ны хурал Н.Алтанхуяг буюу “Алтангадас”-ын дэглэсэн жүжиг болж хувирсныг бүгд мэдэж байгаа.
“Намаа аварна”, Засгаас гаргаж авна хэмээн цамнаж байгаа гээд байсан Р.Амаржаргал гишүүн ч хүртэл ҮЗХ-ны хурал дээр “хээвнэг” нойр авч харагдсан. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийг Засгийн газраас гаргах шалтаг нь МҮДН болж, тэр утгаараа сонгуулийн дараа бялуунаас хүртэх хувиа тодорхойлсон байж болох юм.
Энэ бүхэн АН сонгуульд үнэхээр эв нэгдэлтэй оролцсон гэдгийг илтгэж байгаа ч эвдрэл үүсгэсэн гэдгийг үгүйсгэж чадахгүй юм. Хамгийн том нотолгоо нь Н.Батбаяр гишүүний ааш. “Сонгуулийн дараа ҮХШХ-г яамны статустай болгож, сайдаар нь Н.Батбаяр очих гэнэ” гэсэн яриа гараад байсан нь үнэн. Гэвч Н.Алтанхуяг нэг эвсэл, нэг нам, бас бид даагчидтай эвсэхийн тулд МҮДН-ий бялуунаас нэгийг нь үгүй хийсэнд хэргийн учир бий гэж учир мэдэх хүмүүс ярьж байна. Үнэн ч биз. Фракцуудын тэргүүнүүд нүүр тулахад эсэргүү үг хаясан нөхдүүдэд Н.Алтанхуяг “Нам ялаагүй бол бид одоо ингээд албан тушаал яриад байж байх уу даа. Эхлээд өөрсдийгөө “хуяглая”. Дараа нь эвсэлд нийлсэн хэдээ “хуяглая”. Тэгж байгаад дараа нь хандах зүг тогтоно биз дээ” хэмээн хэлсэн гэнэ. Чухам энэ үг л сонгуулийн ялалтад “гавьяа байгуулсан” гэж өөрсдийгөө тоож яваа нөхдүүдэд хүнд туссан бололтой юм. Одоо хүн бүр МАН-ын Бага хурлын үеэр өрнөсөн хэрүүл маргаан, зодоон цохионы талаар сураг ажиг тавьж байгаа ч АН-ын зөрчлийн талаар ч мэдээлэл сонсогдсоор байна. Чуулган дээр Н.Батбаяр гишүүний гаргасан авир Ардчилсан намд фракци хоорондын зөрчил өрнөсөн хэвээр байгаа гэдгийг тод томруун харууллаа.
Үүнтэй зэрэгцээд “Ардчилсан намын сайд болохыг хүссэн гишүүд намынхаа даргын үүдэнд мөнгөө барин жижүүрлэж байна гэсэн мэдээлэл цацагдаж байна. Ард олны итгэл хүлээсэн нам ингэж ажиллах юм бол ямар хэрэг байх билээ. Хэн ч биш, хоосон уриа дэвшүүлэгчдэд толгойгоо мэдүүлэхээс татгалзах эрх нь ард түмэнд бас бий билээ.
Өнгөрсөн дөрвөн жилд Ардчилсан намыг сонгуульд ялаасай хэмээн хүсэмжилж, тэдний яриаг биелэл болоосой гэж хүссэн хүн олон байсан. Яагаад гэж асуувал, “Ардчилсан нам арай л мөнгө төгрөгний хүлээсэнд баригдаагүй юм даа” гэх хариулт олон байх байсан биз. Энэ ч үнэхээр үнэн. Газрын наймаа Монголд хамгийн ашигтай нь өнгөрсөн дөрвөн жилд хүлээн зөвшөөрөгдлөө. Иргэдийн ойлголт “Дарга нараас хэн хамгийн ашигтай ажилласан бэ” гэж асуухад ч хариулахаар хэмжээнд хүрчихээд байна. Хотын иргэд өнөөдрийг хүртэл “Иргэд газраа өмчилж авахгүй хойрго хандаж байна” гэсэн мэдээлэлд тархиа угаалгуулж ирсэн. Гэтэл газар нь хүрэлцээтэй байсан уу гэвэл өөр асуудал. Иргэн Дорж газартай болохыг хүссэн ч чадсангүй. Яагаад гэвэл түүнээс амьдрал ахуй өндөртэй, орлого ашиг ихтэй Доржуудад зориулсан газар хуваарилалт явагдсан байна. Нэг сая 500 мянган Доржид газар хэрэгтэй байхад зургаан дүүргийн газрын алба бүгдэд хүрэлцэхүйц газар зохион байгуулалт хийгээгүй л байхгүй юу. Харин ч албан тушаалын наймаа байдгийг үнэмшицгээлээ.
МҮОНРТ-ийн кинонд ч үүнийг тод томруун дүрслэн үзүүллээ. Хэл ам гарсангүй. Гараад ч яах билээ. Энэ бүгд иргэд итгэлээ Ардчилсан намд бүрэн өгсөн шүү гэдгийг илэрхийлж байгаа хэрэг. Гэтэл Засгийн газраа ч байгуулах эсэх нь бүрхэг болж, иргэдийн сонголтыг ч үл хүндэтгэх байдал үүсч магадгүй болсон нь энэ их итгэлийг алдагдуулахад хүргэж болзошгүй. Сонгуулийн үр дүн бол үр дүн л байх ёстой. Зөвшилцөөн гэдгийг “хуйвалдаан” гэж үздэг ойлголт иргэдийн дунд нэгэнт тогтжээ. Битгий л “хуйвалдаанд” оролцоосой билээ. Иргэдийн итгэл нэг зугтвал эргэж олдоход хэцүү эд юм шүү. МАН-аас ялгаагүй аашлаад байвал “аль нь ч яадаг юм бэ” гэсэн “харанхуй” үе эргээд ирэх ч юм бил үү.
Б.Болор
Монголын мэдээ
URL: