“Шунхлай” групп, “АПУ” компани Улсын харцага Т.Санчирын цолыг хоёр өрөө байраар мялаалаа

Хүчит бөхчүүд нь цолоо ахиулж, хурдан хүлгүүд нь тод манлай болж, эрхий мэргэн харваачид нь цэц магнайг гайхуулсан дэлхийд ганцхан монгол наадмаараа монгол түмэн дэнж хотойтол сайхан наадлаа. Тэр дундаа Өвөрхангайчууд өнөө жил одтой, хийморьтой сайхан наадаж, наадмын дэвжээнд нутгийнхаа нэрийг дуурсгаж чадсан юм.

Монгол Улсын Тод манлай уяач Г.Батхүүгийн Соёмбо зээрд азарга гурвалж, Монгол Улсын начин Т.Санчир харцага цолонд хүрч, аймгийн заан Б.Сугаржаргал начин цол авсан зэргийг энд дурдах учиртай.

“Шунхлай” групп, “АПУ” компанийн удирдлагууд Монгол Улсын арслан Д.Ганхуяг, Улсын харцага Т.Санчир нарт хүндэтгэл үзүүлж хүлээн авч уулзлаа. Энэхүү ёслолын үеэр тэдний шинэ цол, хүч хөдөлмөр, амжилтыг нь үнэлж шагнал гардуулсан юм. Улсын арслан Д.Ганхуяг, Улсын харцага Т.Санчир нар “АПУ” компанийн нэрийн өмнөөс босч барилддаг, залуу бөхчүүд байхаасаа энэ компанитай хамтран ажиллаж өдгөө улсын цолонд хүрсэн амжилтыг үзүүлжээ.
“Шунхлай” группын үүсгэн байгуулагч Г.Батхүү улсын наадмаар одтой сайхан барилдаж Монгол Улсын харцага цол авсан Т.Санчирт хоёр өрөө байрны түлхүүр гардуулж, олон жил амжилттай сайн барилдсан амжилтыг нь үнэлж Улсын арслан Д.Ганхуягийг 10 сая төгрөгөөр шагнав.

Түүнчлэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Монгол Улсын начин Болдпүрэвийн Сугаржаргалд хүндэтгэл үзүүлж 10 сая төгрөгөөр шагнаж байгааг дуулгалаа. “Б.Сугаржаргалын аав бид хоёр нэг ангид сурч байлаа. Ангийн маань хүүхдийн хүү нь улсын цолонд хүрлээ. Нутаг усныхаа нэрийг дуурсгаж  одтой сайхан барилдлаа. Энэ утгаар нь Б.Сугаржаргалд “Шунхлай” групп  шагнал гардуулж байгаа юм. Ер нь бид Өвөрхангайгаас төрж гарсан бөхчүүд, тамирчдыг бүх талаар дэмждэг, цаашид ч дэмжих болно” хэмээн “Шунхлай” группын үүсгэн байгуулагч Г.Батхүү онцлон тодотгосон. Улсын начин Б.Сугаржаргал Сүхбаатар аймгийн наадамд явсан тул ёслолд ирж амжаагүй байна.
“Шунхлай” групп, “АПУ” компани спортод элэгтэй, тамирчдыг амжилт гаргахад нь бүх талаар дэмжлэг үзүүлдэг байгууллага. Тэр дундаа Өвөрхангай нутгаас төрж гарсан тамирчдад их спортод амжилт гаргаж, нутаг ус, эх орныхоо алдрыг цуурайтуулахад дэмжлэг үзүүлсээр иржээ. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, Монгол Улсын арслан Д.Ганхуяг аймгийн начин байхдаа 2002 оноос “АПУ” компанийн хамт олны нэг хэсэг болсон бол Монгол Улсын харцага Т.Санчир цолгүй залуу бөх байхдаа 2005  оноос “АПУ” компаниар овоглож эхэлжээ. Мөн Хархорин сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмааг спортод хөл тавьсан цагаас нь дэмжсээр ирсэн байна.

Т.Санчир: Амжилт бүхэнтэй минь хамт байсан хамт олондоо баярлалаа

Монгол Улсын арслан Т.Санчирын сэтгэгдлийг хуваалцлаа.

-Дунд сургуулийн сурагч байхаасаа л үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн. Цолгүй залуу бөх байхдаа “АПУ” компанитай анх холбогдсон. Үүнээс хойш өдий зэрэгтэй амжилт үзүүлэхэд маань “АПУ” компанийн хамт олны дэмжлэг их байлаа. Наадмын дэвжээнд нутаг ус, компанийн хамт олныхоо итгэлийг дааж сайн барилдахыг хичээсэн. Ямар ч гэсэн санасандаа хүрч, цолоо ахиуллаа. Намайг 2005 оноос хойш дэмжиж, амжилт бүхэнтэй минь хамт байсан, аль ч үед дэмжиж ирсэн “АПУ” компанийнхандаа баярлалаа. Өнөөдөр харцага цолыг маань мялааж хоёр өрөө байраар шагнасанд баярлаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих