Д.Энхмандахын эсрэг бичсэн эсэргүүцлийг өнөөдөр хэлэлцэнэ
Хаан банкнаас бусдын нэрийн өмнөөс гарын үсэг зурж, 30 сая төгрөгийн зээл авсан, бусдын өмч хөрөнгийг зарсан хэрэгт буруутгагдаад байсан Д.Энхмандахад холбогдох шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын 5-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд есөн цаг үргэлжсэний эцэст түүний хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Гэвч хурлын шийдвэрийг буруу гарсан хэмээн улсын яллагч Ц.Хашбаатар хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Нийслэлийн шүүхэд эсэргүүцэл бичсэн билээ.
Уг эсэргүүцлийн үндэслэлтэй эсэхийг өнөөдөр Нийслэлийн шүүхээр хэлэлцэхээр болжээ. Хэрвээ прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзвэл Д.Энхмандахын хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх юм. Харин үндэслэлгүй гэвэл түүний хэрэг хэрэгсэхгүй болгосноороо дуусгах юм байна.
Д.Энхмандахын хэрэг бүтэн таван жилийн турш хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа. Тэрээр энэ хугацаанд хэвлэлийнхэнд хандаж, “Өөрийгөө гэм буруугүй, гэр бүлийн хүмүүс хөрөнгөө булаацалдаж, түүндээ намайг ашигласан. Дараа нь бүх хэргээ надад тохож, эрүүгийн хэрэг үүсгэлээ” гэж хэмээн удаа дараа тайлбарласан. Түүнийг 2010 онд Хөвсгөл аймгаас Улсын ерөнхий прокурорын даалгавраар баривчлан авчирсан юм.
Б.Чимэг
URL: