Мордохын хазгай
УИХ-ын даргаа хууль зөрчин сонгосон энэ удаагийн парламент цаашид үйл ажиллагаа явуулахад амаргүй болж байгааг хуульчид дуу нэгтэй хэлж байна. Хууль тогтоох байгууллага эхний хуралдаанаараа л хууль зөрчиж, асуудалд увайгүй хандсан нь мордохын хазгай болсон гэж ч ажиглагчид дүгнэж байна. Яарвал даарна гэгчээр хууль бусаар хүч түрэн сонгогдсон даргатай УИХ-ын цаашдын шийдвэрүүд хүчинтэй байх эсэх нь эргэлзээтэй болж байгаа юм.
Ийм тохиолдолд парламентын хямрал ч нүүрлэх аюултай. Ганц хоёр хүний тоогоор тэгтлээ илүүрхсэнээ бүх асуудалд түрэмгийлж хандаж болно гэж буруу ташаа ойлгосон АН-ыхны үйлдэл олон нийтийн дургүйцлийг төрүүлж тэд хэтэрхий яарч байна гэсэн шүүмжлэл дагуулах болсон.Тэрхүү яаран буй учир нь төр засгийг түргэхэн байгуулж бялуугаа зооглох гээд байгаа хэрэг.
Хэдийнээ бялуугаа хуваарилж эхэлсэн ч их бага,том жижиг, чинийх минийх гэсэн тэмцэл хэрээс хэтэрч хурлаа ч хийж чадахаа байсан. Ямар сайндаа л сайдын суудал олдохгүй болмогц Фортуна Н.Батбаяр намынхаа 7 гишүүний картыг сугалан булааж санал өгөх боломжгүй болгож орхисон.Үүнээс болоод УИХ-ын чуулганы хуралдаан завсарласан. Гэвч өөрсдийн бурууг сөрөг хүчиндээ тохож хурал гацааж байгаа мэтээр худал мэдээ тарааж олон нийтийг төөрөгдүүлэхийг оролдсон.
Үнэн хэрэгтээ засгийн газрыг бүрдүүлэх санаачилгыг авсан нам бялуу хуваарилах үеэр албан тушаалын дайн болдогт бүх хэргийн учир байгаа юм. Сонгуулийн өмнө сэтгүүлч С.Баттулга: -“Албан тушаал, эрх мэдлийн хуваарилалтын зөрчил нь АН- ын фракцуудын амьдрах стандарт” хэмээсэн нь хамгийн онож хэлсэн тодорхойлолт болохыг энэ удаагийн тэдний бялуу хуваарилах их аян дахин харуулж байна. Тэд өмнө нь ч ийм байсан одоо ч хэвээрээ. АН-ын фракцууд олон болно уу гэхээс цөөрөхгүй. Албан тушаал хувааж авдаг зарчмаа улам бататгана уу гэхээс татгалзана гэж бүр ч байхгүй гэж сэтгүүлчийн бичсэн нийтлэл өнөөдөр батлагдаж байна. Олон үг нуршилгүй сонгуулийн өмнө сонинд гарч байсан энэхүү нийтлэлийг уншигч та бүхэнд дахин хүргэе.
Ардчилсан намын фракцуудын амьдрах стандарт
Ардчилсан намын ардчилал сэргэж байна. УИХ-ын сонгууль болохтой зэрэгцээд Н.Алтанхуяг даргын мууг дуудаж, болчимгүйг гайхах уралдааныг нам дотроо зарласан. Тэрхүү уралдаандаа түрүү байр эзлэхийн төлөө дор бүрнээ цэцэн үг нумлаж, өөр зуураа урцалдаж эхлэв. Гайхалтай нь, Н.Алтанхуяг хэмээх намынх нь даргад гялайж, гялтайх юу ч байхгүй гэнэ. Энэ бол гүтгэлэг биш. УИХ-ын гишүүн З.Энхболд, С.Эрдэнэ, Х.Баттулга тэргүүтний үг үүнийг хэлээд байгаа.
Үнэндээ дээрх нэр дурдсан гишүүд өнгөрсөн хугацаанд ийм маруухан даргаа яаж тэвчиж ирсэн юм бүү мэд. Бүгд түр нойрсуулах эмчилгээнд орчихсон байж байгаад одоо л наркоз нь гарч буй гэлтэй. Тэгээд нүдээ нээгээд, тархи нь бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлсэн чинь хаа нэгтэй амьдрал утгагүй мэт санагддагтай адилхан Н.Алтанхуягт авах олигтой чанар байхгүй мэт бодогдоод эхэлж. Ингээд л Ардчилсан нам дотор 15 толгойтой атгаалжин хар мангасын үүрэг гүйцэтгэж чадахуйц фракц хэмээгчийн тоо, толгойг өдөр, өдрөөр өндөглүүлэх хүсэлд хөтлөгдсөн хэрэг, тэд.
Өнөөдрийн байдлаар “Алтангадас”, “Кроун”, “Зүүн ховд Ази”, “Монголын ардчилсан холбоо”, “Нэг ардчилал”, “Шонхор”, “Мөнх тэнгэр”, “Ардчилсан хүчний холбоо”, МҮДН гэсэн фракцууд албан ёсоор ил тод үйл ажиллагаагаа явуулж байгаа. Дотроо зарлаагүй хэдэн фракц “бөмбөг дэлбэлэхэд” бэлэн байгааг төсөөлөх аргагүй.
Учир нь Ардчилсан намын “мөнх нас”-тай лидерүүдийн эрх ашиг хаана зөрчигдөж, хаана эрх мэдлийн гадуур үлдэнэ тэнд албан бус фракцууд амьсгалж ирдэг уламжлалтай. Тэгвэл дээрх фракцын удирдагчид өнгөрсөн хугацаанд тойрон хүрээлэгчид хийгээд эрх ашгийнхаа нийлбэрээр юуг хожиж ирсэн бэ. Үүний хамгийн ойрын хариулт бол хамтарсан Засгийн газрын сайдын албан тушаалын хуваарилалт.
Хэдийгээр “УИХ-ын 2012 оны сонгууль хүртэлх зургаан сарын хугацаанд Ардчилсан нам сөрөг хүчний орон зайгаа эзэлнэ” хэмээх алиа мэдэгдлээр засгаас гарах үндэслэлээ тайлбарласан ч тэд хожил хүсч хамтарсан Засгийн газарт орж байсан нь үнэ» юм. Иймээс ч өнгөрсөн хугацааны эрх Мэдлийн хуваарилалт нь ирээдүй цагийг тодорхойлох баримт болох нь гарцаагүй.
Тухайлбал, Н.Алтанхуяг “Алтангадас” фракцыг үүсгэн байгуулагчдын нэг.Үүсэл гарлын гэрчилгээ нь Монголын социал демократ намд хаяглагддаг энэ фракцаас С.Баярцогт нь Сангийн сайд болсон бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Л.Гансүх ажилласан. Мөн Монголын үндэсний дэвшлийн намын гишүүдийн харьяалагддаг МҮДН фракдаас С.Ламбаа Эрүүл мэндийн сайд, Монголын ардчилсан холбооноос Х.Баттулга Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Зүүн хойд Азийн бүлэглэлээс Л.Болд Батлан хамгаалахын сайд болсон. Түүнчлэн Кроун фракцын удирдагчид болох Д.Нямхүү Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар, Х.Золжаргал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар ажилласан.
Энэ хоёрын тухайд “Анх 1990 оноос хойш л Ардчилсан намын төлөө бүх мөнгө, хөрөнгөө зарж ирсэн. Гэсэн хэдий ч хэзээ ч албан тушаал гуйж байгаагүй. Тэгэхэд Ардчилсан намд мөнгө хэрэгтэй боллоо гэхэд хуруугаа ч хөдөлгөдөггүй нөхдүүд өнөөдөр Ардчилсан намаас хамгийн их эрх мэдлийг авсан байдаг. Тэд ичих хэрэгтэй”хэмээн шүүмжилсээр байгаад дээрх дэд сайдын албыг фракцдаа авч, өөрсдөө эзэн суусан. Чухам хамаг байдгаа зориулж ирсэн нь үнэн л юм бол
яагаад эрх мэдлийн бялуу хүртэх эрхгүй байсан нь ойлгомжгүй. Ямар ч л байсан хамтарсан Засгийн газрын Ардчилсан намд оногдсон сайдын албан тушаалыг тус нам доторх фракцууд адил тэгш хувааж авсныг дээрх үнэн гэрчилнэ. Яг л айлын ээж хүүхдүүдээ алаг үзэхгүй гэсэндээ чихэр тоолж өгдөгтэй адилхан. Эндээс харахад Н.Алтанхуяг дарга бас ч гэж сэтгэл гаргажээ. Өөрт нь ашигтай болохоор арга ч үгүй.
Харин өнгөрсөн гурван жилийн турш Ардчилсан намд мэндэлсэн нялх фракцуудын тухайд юу ч үгүй хоцрогсдын арми гэж болно. УИХ- ын гишүүн З.Энхболд, С.Эрдэнэ, Х.Тэмүүжин, Д.Ганхуяг тэргүүтэнд өнөөдөртөө сайдын намтар гэж байхгүй. Хүслээр нь болдог бол С.Эрдэнэ нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Х.Тэмжүүжин нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Д.Ганхуяг нь Сангийн ч юмуу аль эсвэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийнң сайд хийчихмээр л байгаа. Гэвч нөхдүүдэд боломж олгоогүй. Хамгийн гунигтай нь Ардчилсан нам доторх фракц хоорондын зөрчил засгаа татаж унагаасан түүх бий.
Тэр түүх 1996-2000 оныг хамаарна. “Ардчилсан холбоо эвсэл” УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, эрх мэдлийг гартаа авсан тэр жил тэд төрөөр ч, түмнээр ч тоглох шиг тоглосон. М.Энхсайханы тэргүүлсэн Засгийн газрыг ЖАН болон МСДН-ын удирдлагууд “УИХ-ын гишүүн, “Ардчилсан холбоо эвсэл”-ийн дарга Ерөнхий сайд байх нь зүйтэй” гэсэн тогтоол гарган огцруулж байсан.
Үүнд нь гомдсон М.Энхсайханы гомдол өнөөдрийг’ хүртэл тайлагдаагүй яваа. Тухайн үедээ гэхэд л М.Энхсайхан нь “Элсний 13” гэгчийг байгуулж, Ц.Элбэгдоржийн Засгийн газрын эсрэг кноп даруулах замаар гомдлоо түр зууртаа тайлсан удаатай. Улмаар Ж.Наранцацралт агсан Ерөнхий сайдын албанаас огцрох өргөдлөө уншихдаа “Би Засгийн газрыг тэргүүлж найман cap ажиллаа.
Хувийн ашиг сонирхол, бусармаг сонирхолдоо хөтлөгдсөн хэсэг бүлэн хүмүүсийн хуйвалдааны золиос нь Засгийн газар болж таарахгүй. Сөрөг хүчин гэгдэх МАХН бидний эвслийн холбоотон МСДН-ын УИХ дахь бүлгүүд хуйвалдан манай Засгийн газрыг огцруулах гэж үзэж байна. Би Монголын төрөөр тоглогч этгээдүүдийн өмнө буулт хийгээгүйдээ огцорч байна” хэмээсэн түүхтэй. Энэ бол баримт. Ардчилсан намынхан засаг барихаараа эрх мэдлээ булаацалдаж, төрөөр, ард олны итгэл үнэмшил, үнэлэл хүндлэлээр хэрхэн тоглодгийн баталгаа.
1970-аад оныхныг нэгтгэсэн “Нэг ардчилал”, “Мөнх тэнгэр” фракцынхан зөв байж чадах болов уу. Тэд “Миний хөх тэнгэрт Алтангадас гийж, шонхор нисэх ёсгүй. Партизанууд бол бүр ч амьдрах ёсгүй” гээд гүрийчихвэл юу болох бол. Тэгэхгүй гэх баталгаа байна уу. Ах нарынхаа заасан замаар яваагаа батлах тэдэнд ах нарыгаа тэтгэвэрт гарахыг шаардах зориг хангалттай бий. Тэр зориг нь дээрх болзлыг тавихад хүргэвэл гайхах хэрэггүй л байх.
Гол нь УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа тэд яллаа гэхэд өмнө нь ямар байсан түүгээрээ л байна. Н.Алтанхуяг хэзээ ч Х.Баттулгын улс төрийн хүсэл сонирхолд сайн сайхныг хүсэхгүй. З.Энхболд бусадтайгаа эвлэрч нэгдлээ ч гэсэн Н.Алтанхуягийг хүлээн зөвшөөрөхгүй. Бүгд хамтдаа яллаа гэхэд албан тушаалыг хувааж авах үндсэн мөн чанараа бүгдээрээ өөрчлөхгүй.
Нэг ёсны Ардчилсан намын фракцууд цаашид үүнээс олон болно уу гэхээс цөөрнө гэж байхгүй. Тэр тоолонд хамтарсан Засгийн газрын сайдын албыг таван хүчирхэг фракц нь хуваан авч, бусдыгаа хилэгнүүлсэн энэ жишиг 10-20 фракцын дунд үйлчилдэг болно. Дахин сануулахад тэд албан тушаалыг хувааж авдаг зарчмаа улам бүр бататгана уу гэхээс татгалзана гэж байхгүй. Эрх мэдлийн хуваарилалтаас ялгаварлан гадуурхагдсан нөхөд нь засгаар тоглож шогтоно уу гэхээс хэлээ хазаад, даргаа шүтнэ гэж бүр ч байхгүй. Ардчилсан нам доторх фракцуудын амьдрах хэв маяг ердөө л энэ. Эцэст нь дээрх бүх баримт нь ардчилагчдын амьдрах стандарт болон уламжлагдан өвлөгдөх нь харамсалтай.
Ч.БАТАА
”Өдрийн шуудан”
URL: