МАХН-ын дарга Н.Энхбаярыг 10.00 цагаас шүүнэ

МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох долоон тэрбумын авилгалын шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 10.00 цагаас болно. Түүнд холбогдох шүүх хурал өмгөөлөгчөө сольсон, өмгөөлөгчөөсөө татгалзсан, өмгөөлөгч нь сонгуулийн ажилд оролцож байгаа ирэх боломжгүй, өмгөөлөгч хүндэтгэх шалтгаанаар ирээгүй, өмгөөлөгч нэмж авсан хэмээн “өмгөөлөгч тактик”-аар таван удаа хойшилсноор өнөөдөр зургаа дахиа товлогдоод байгаа юм.
Харин өнөөдрийн шүүх хуралд Н.Энхбаяр өмгөөлөгчөө ашиглан, шүүх хурлыг хойшлуулах гэвэл цагдаагийн хурандаа О.Зоригт шиг өөрийгөө өмгөөл хэмээн шүүх хуралд оролцуулна хэмээн эх сурвалж мэдээлэв.
Н.Энхбаяртай хамт До.Чулаанбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нар мөн шүүгдэнэ.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан хүндэвтэр зүйл ангиар буруутгаад буй. Хэрвээ шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол хуулийнхаа дагуу бүх эд хөрөнгийг хурааж, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх аж. Хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар Е.Сагсай, О.Мөнхбаатар нар оролцоно.
Б.Чимэг


URL:

Сэтгэгдэл бичих