Буриад Хүннүг булааж, Тува Чингис хааныг өмчлөв
Сүүлийн үед хойд хөршийнхөн маань хятадуудаас дутахгүй манай түүх, соёлын олон дурсгалд хошуу дүрж эхэллээ. Аялагч жуулчдын анхаарлыг татдаг манай брэндүүдийг толгой дараалан өмчлөхийг оролдон, заримыг нь ЮНЕСКО-д бүртгүүлэхээр зэхэж байна. Гол зорилго нь мөнгө. Аялал жуулчлалаас орох орлогоо багасах нь хэмээн айж эмээснээс гадна Монголд ирж байгаа гадаадын жуулчдыг Буриад, Тувад урвуулах гэсэн үндсэн бодлоготой ажиллаж байна. Хятадын Өвөрмонгол дэлхийд Монгол, Чингис нэрээр бизнес хийж байхад адилхан монгол цустай бид яагаад болохгүй гэж хэмээн тэд сэтгэсэн бололтой. Тувад энэ сараас Их эзэн Чингис хааны онгоныг хайх аялал зохион байгуулж, телевизээр шууд дамжуулах гэж байна. Тэд Чингис хааны шарилыг Тувагаас олно гэж найдаагүй нь ойлгомжтой. Харин дэлхий даяар дуулиан тарьж, жуулчдыг татах гэсэн оролдлого төдий зүйл. Удахгүй Тувад ард олондоо хөөмий зааж өгч, хөөмийчдийнхөө тоогоор Гиннесийн номонд орох бодолтой байгаа гэнэ.
Тэгвэл Буриадууд Хүннүг өөрсдийн өвөг дээдэс хэмээн тунхаглаж, аялал жуулчлалын бизнест хүч үзэхээр шийдсэн аж. Хүннүтэй манатай амгалан тайван амьдарч байсан тэднийг хүннүгээр “өвчлөх”-ийн эх үндэс нь манай Засгийн газрын гаргасан нэгэн шийдвэр гэнэ. Улаанбаатар хотын ойролцоо “Төв Азийн нүүдэлчдийн соёл иргэншлийн түүх соёлын цогцолбор” байгуулахад засгийн газраас тусламж үзүүлэх боллоо гэсэн мэдээ цацагдсанаар буриадууд бужигнаж эхэлжээ. Буриадын “Номер один” хэмээх цахим хуудсанд “Монголчууд санаачилгыг гартаа авч эхэллээ” нэртэй нийтлэл гарчээ. Уг нийтлэлд “Монголчуудын барих гэж байгаа энэ цогцолбор Улаанбаатараас 40 км, Хөшигтийн хөндийд барих гэж байгаа олон улсын нисэх буудлаас 30-хан км зайтай тул жуулчлалын томоохон төв болох шинжтэй. Энд палеонтологийн музей, “XX зууны монголчууд” галерей, Төв Азийн нүүдэлчдийн музей, Чингис хааны музейгээс гадна Эртний Монголын их гүрэн Хүннүг судлах музей ч байгуулагдах юм байна. Хэрэв тэгвэл манай Буриадын аялал жуулчлал хүнд цохилтод орох болно. Энэ төвийг 2010-2012 онд барьж дуусгах ба хувьцаат компани болгон хувьцаагаа зах зээлд арилжиж мөнгө олох юм байна. Тэд ингэж чадаж байхад бид яагаад болохгүй гэж. Чингис хааныг тэд биднээс авчихсан. Тэгвэл ядаж Хүннүг Буриадын аялал жуулчлалын брэнд болгоё” хэмээн бичсэн байна. Энэ уриалгыг сонсоод Буриад бол Хүннү гүрний өлгий мөн гэдгийг батлан сурталчлах олон ажил зохиогдож эхлээд байгаа аж.
Буриадад Иволгин хэмээх Хүннү тосгон байдаг гэнэ. Хэдийгээр нутгийнхан энэ хотхоноо түүх соёлын дурсгалт газар болгохоор олон жил оролдсон ч дэлхийд битгий хэл Орост ч алдаршиж чадаагүй аж. 2000 жилийн өмнө Хүннү улс Буриадын нутагт оршин тогтнож байсныг баталсан энэ хотхоныг яаж сурталчлахаас Буриадын жуулчлалын хувь заяа ихэд хамаарах гэнэ. Улаан-Үд хотыг ойр орчмын хот тосгодтой нийлүүлэх шийдвэр удахгүй гарах гэж байгаа нь тэндхийн хүннү судлаачдад их ашигтай болох юм. Учир нь Иволгин хотхоныг Улаан-Үдтэй нийлүүлж чадна. Ингэснээр Улаан-Үд Дэлхийн хүннү судлалын төв болж чадахаас гадна эртний түүхэн хот гэсэн албан ёсны статустай босоноор Улаан-Үдийн нэр хүнд нэмэгдэн, 2000 жилийн ойгоо тэмдэглэх боломжтой болох гэнэ. Нээрээ яаж ч бодсон 365 жилийн ойгоос хамаагүй сүртэй сонсогдож байгаа биз? Ингээд л Улаан-Үд баяжаад, цэцэглээд эхэлнэ гэж буриадууд төлөвлөж байгаа бололтой.
Буриадын хүннү судлал 100 орчим жилийн түүхтэй. 100 жилийн өмнө польш эмч Талько-Гринцевич Хиагтаас 28 км зайтай газар эртний Хүннүгийн олдвор олсноор эхэлжээ. Иволгин гэдэг нь Улаан-Үдийн төвөөс 15 км зайтай орших, Сэлэнгэ мөрний эрэг дээрх жижигхэн хотхон. Буриад эрдэмтдийн үзэж байгаагаар энд 2000 жилийн өмнө 4000 хүннү амьдарч байсан бөгөөд алдарт аян дайнаа чухам эндээс л эхэлсэн юм байх. Тэд Сэлэнгэ мөрнөөр аялан, худалдаа наймаа хийж, тэр үеийн соёл, эдийн засгийн төв нь бараг л Иволгин байсан бололтой. “Хүннү судлалын олон улсын сан”-гийн тэргүүн О.Булутов “Коммунизмын үед Хүннү гүрнийг судалж байсан ч нийтэд дэлгэдэггүй байлаа. 1950 оны үед Давыдова хэмээх археологич Иволгинд 51 байшин, 220 булш малтаж олсон. Даанч ховор олдворуудыг ийш тийш нь тараагаад дуусчихсан юм. Бид залуу үедээ түүх соёлоо таниулахын тулд л элдэв судалгаа хийж байна. Манай сан Хүннү наадам зохион байгуулахаас өмнө хэн ч хүннү гэж дуугардаггүй байлаа. Хүннү гэж юу болохыг, тэд дэлхийн түүхэнд ямар гавьяа байгуулсныг бүгд мэднэ. Тэгвэл энэ түүхийг нүдээр хараад, гараар барьж чадах газар эндээс өөр хаана ч байхгүй. Энэ талаас нь сурталчлаад өгвөл манайх жуулчлалын брэнд болох бүрэн боломжтой. Хэрэв монголчууд үнэхээр “Хүннү судлалын төв” байгуулбал Хүннү хэмээх супер брэнд Монгол орных болчихож мэдэх” гэж ярьж байна.
Буриадын ерөнхийлөгч Наговицынд хүннү судлаачид ихээхэн найдлага тавьж байна. Ерөнхийлөгч хүннүгийн асуудалд биечлэн оролцоно гэдгээ зарлаж, ямар ч оронд хүннүг алдах бодолгүй байгаа гэж мэдэгдсэн гэнэ. Мөн Буриадын Соёлын яаманд Иволгин хотхоныг онцгой анхааран ажиллах үүрэг өгсөн байна. Одоо Буриадын хүннү судлаачид Иволгин хотхоныг ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр ажиллаж байна. Тэдний урилгаар ЮНЕСКО-гийн төлөөлөгчид Иволгинд очиж танилцаад ЮНЕСКО-гийн төв байранд хүннүгийн талаар үзэсгэлэн гаргавал нэр дэвшигчдийн тоонд бүртгэж болох юм хэмээн хэлсэн гэнэ. Удахгүй Буриадад “Хүннү соёлын наадам” зохион байгуулагдаж, Хангаловын музейд хүннүгийн үзэсгэлэн нээгдсэн байна.
Гэхдээ одоогоор Иволгин аялал жуулчлалын төв болоход хол байгаа бололтой. Зам харилцаа муу, дэд бүтэц хөгжөөгүйгээс хааяа нэг эрдэмтэн судлаачид ирэхээс биш жирийн жуулчид очдоггүй. Тиймээс улсаас тодорхой хэмжээний төсөв гаргаж, энэ хотоо түүхийн үнэт дурсгал болгохоор шамдан ажиллаж байгаа юм байна. “Хүннүгийн үндэсний хүрээлэн” байгуулах төсөл хэдийнэ гарсан бөгөөд энд Хүннү гүрнийг дахин сэргээх гэнэ. Амьдарч байсан байр савнаас эхлээд гэрийн мал, анч ноход бүгдийг сэргээн дүрслэх ба энэ хотод очсон жуулчин Хүннүгийн талаар бүрэн төсөөлөлтэй болоод гарах юм байх. “Домогт Аттила хааны үед ямар байсан яг тэр чигээр нь хийх болно” гэж О.Бутулов ярьж байна.
Ийнхүү Тува Чингис хаанаар, Буриад Хүннүгээр аялал жуулчлалын салбарт цахиур хагалахаар зэхэж байна. Харин манай хүннү судлаачид, түүхчид юу хийж суугаа бол?
URL: