Автомашины үнийн өсөлт түр зуурын үзэгдэл
Манай улс машинаар баян орон болоод удаж байна. Нэгэн цагт жолооч гэдэг ховор мэргэжил байсан бол тэр цаг аль эрт ард хоцорч, өнөөдөр “жолооч” гэдэг үг мэргэжлийн хэл томъёоноос хасагдаад удав. Тэр ч утгаараа машины үнэ ханш ямар байгааг сонирхохоор “Да хүрээ” техникийн захыг зорьсон юм. Марк маркаараа эгнэн зогссон суудлын болон ачааны тээврийн хэрэгслүүд худалдан авах эзнээ хүлээх мэт хаалганаасаа хоймор хүртэл эгнэн зогсчээ. Иргэд ч хөл дүүжлэх унаа хайж машин, тэрэг мэддэг танилаа даган энэ захаар явж таалагдсан машиныхаа үнэ ханшийг сонирхон зарим нь жолоон дээр нь сууж үзэж буй дүр зураг харагдана. Үе үе чанга яригчаар 2004 оны, саарал өнгөтэй, Тоёота Карина зарна, утас … гэх дуу чихэнд хадна. Техникийн захын худалдагч, ченжүүд түүний хэлснийг зарим нь тоож, үлдсэн хэсэг нь үл анзааран байх аж.
Энэ өнгө төрх өвөл зунгүй ийн үргэлжилнэ. Нэг машины үнэ асууя гэсэн ч худалдагч / ченж/ нь олдсонгүй. Эрэл сурал болж олтол хөзөр эргүүлэнгээ “2005 оны шинэ тэрэг. 15 саяар өгнө дөө” гэв. Тэндээс хойд зүг рүү алхсаар “Да Хүрээ” захын удирдлагын байранд орлоо. Тус байр баруун, зүүн хоёр хэсэгтэй. Нэг хэсэгт нь удирдлагууд суудаг, нөгөө хэсэгт нь албан хаагчид, найман нэрийн дэлгүүр, лавлах байрладаг юм байна. Ингээд “Да хүрээ” захын менежер Б.Мягмарсүрэнтэй автомашины үнэ ханшийн тухай хэсэг зуур яриа өрнүүллээ.
Тэрбээр өнгөрсөн онтой харьцуулахад автомашины үнэ хэдэн хувиар өссөн тухай мэдээллийг өгөх боломжгүй гэж хэлэв. Үнийн өсөлтийг жил болгон харагддаг, түр зуурын өсөлт хэмээн тайлбарласан юм. Мөн оны өмнө баталсан онцгой албан татварын хуулинд “явсан” автомашинд ашигласнаас хамаарч татварын хэмжээг нь тогтоохоор болсон нь автомашины үнийг өсөх нэг шалтгаан болсон гэв. Харин он гарсаар тээврийн хэрэгслийн үнэ харьцангуй тогтворжоод байгаа хэмээн өгүүлсэн юм.
Томоохон баяр наадмын өмнөх хэдэн өдрүүдэд автомашины худалдаа бусад үетэй харьцуулахад нэлээд өсдөг. Өнгөрсөн жилд “Тоёота Прусс”, “Тоёота Карина”, “Королла” зэрэг суудлын тэргийг иргэд ихээр худалдан авсан судалгаа гарчээ. Харин Япон автомашины үнэ илүү өсөх хандлагатай байгааг албаны хүн ярьж байлаа. Үүнээс үүдээд тус зах дээр суудлын машин зардаг хэсэг ченж нартай хөөрөлдөв. Манай жолоочдын дийлэнх нь Япон машин хөлөглөдөг. Япон “тэрэг” нь манай замд тохирсон чанартай, загвар сайтай, сэлбэг хэрэгсэл элбэг зэрэг нь худалдан авагч, худалдагч ченж хоёрт хоёуланд нь таатай байдаг гэнэ.
Уг нь манайд суудлын автомашин их эрэлттэй. Гэтэл худалдан авагчид сүүлийн үед эрс багассан гэв. Зун, намрын улиралд хөдөө орон нутгийн иргэд гол төлөв ачааны тэрэг авах нь нэмэгддэг байна. Мөн тэд “Автомашины үнэ ханш ер нь тогтвортой байгаа. Ярьж хөөрөөд, үнэ ханшаа буулгаж болно. Банкны лизингээр ч авч болно шүү дээ” хэмээн ярилаа. Сүүлийн үед техникийн захад худалдаалж буй орж ирээд удаагүй 2005 оны “Ланд 100”, “Ланд 105” зэрэг дизель, бензин гэдгээс хамаарч дунджаар 44-46 сая төгрөгийн үнэтэй байв.
Мөн хамгийн эрэлттэй гэгдэг “Тоёото прусс” 10, 11, 20 загвартай нь 7.5-13.5 сая төгрөг, 2002 оны “Королла” 12 сая, 2001 оны “Тоёота Карина” 11 сая, 1997-2009 оны Портер 5.5-6.5 сая, 2000-2003 оны Бонго 9-13 сая, дунд гарын 2002 оны жийп “Тоёота Клугер” 21.2 сая гэх мэтийн үнэ ханштай байна.
Ч.Буянжаргал
URL: