Юу юугүй намарших нь ээ, улстөрчид өө
Тахимаа өгөхөөс дургүйцсэн МАН-ынхан УИХ-ын анхдугаар чуулгандаа суухгүй удлаа. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүйн үлгэрээр гомдож шаналсан МАН-ынхан тансаг харшдаа гурван өдөр гэм буруугаа шүүлцсэн. Хаалгаа цоожилсон хурал халуун болж байгааг хэвлэлүүд мэдээлсээр буй.
Гомдож, туньсан, хэн нэгэнд шаралхсан байж болно. Гэхдээ наадмын дараа намар айсуй. Их ажлын үе эхэлж байдаг. Гэтэл Засгийн газар ч байгуулагдаагүй УИХ-ын ч ирц бүрдэхгүй ажил цалгардаж орхилоо. УИХ-ын гишүүд анхдугаар чуулганаа үргэлжлүүлж байхад МАН-ынхан суудлаа голсон уу, сэтгэл нь өмөрсөн үү, хуралдаа суухгүй байна.
Дарга нартаа хариуцлага тооцож, ялагдлын тухай ярихаас илүү шинэ дарга нараа сонгох тухай баахан хэрэлдсэн гэх юм билээ. Учир нь хариуцлага хүлээж, огцорч буй хуучин дарга нар өөрсдийнхөө хувилбарыг орондоо тавих гэснээс болж намын шинэчлэлийн төлөө дуугардаг гишүүд нь уурлацгаан бужигнаж байгаа сурагтай. Ардын намынхан ингэж хэрэлдэх нь яах вэ, байх ёстой зүйл гэж бодъё. Намын асуудлаас илүү намрын ажил хэцүүдлээ. Өвс, хадлан, тариа будааны ажил өнөө, маргаашгүй эхлэх нь. Хөдөөнийхөн өвс, хадлан, тариа буудайгаа хураах бэлтгэлээ базаахаар хотод ирчихсэн байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны гадаа өдөрт 700 хүн дугаарлан зогсдог болсон. Малчид хадлангаа бэлдэх жижиг оврын трактор авахаар ирээд байгаа юм. Гэтэл ачааны хүндийг үүрч, ард иргэдийнхээ ажиллах боломжийг хангаж өгдөг төр засаг нь хаана байна. Олон малчин хотод ирж, яамны хаалга сахин бухимдаж байна. “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэг шиг. Яамны гадаа дугаарласан олонд асуудлыг нь шийдээд өгдөг сайд, дарга, шийдвэр гаргах хүмүүс нь ч олдохоо больсон гэнэ. Аль ч яамны сайд, дарга нартай уулзаж, ажил ярих гэхээр дараагийн сайд, дарга нар томилогдтол ярьж, хэлээд, ойлгуулаад, ажил төрлийг нь зохицуулаад өгчих хүн олдохоо байлаа.
Ялсан нь ажлаа шуурхайлж, ялагдсан нь тахимаа өг гэж сонгогчид тэдэнд итгэл хүлээлгэчихээд байдаг. Гэтэл сонгуулиас хойш сарын хугацаанд яам, тамгын газрын сайд дарга, ажилтан мэргэжилтнүүд төрийн албаны залгамж холбоог алдагдуулаад байх шиг. Уг нь Ардын намынхан ажлаас зугтдаг биш зүтгэдэг гээ биз дээ. Одоо зугтах эрхгүй. Амлалтаа санах хэрэгтэй. “Явах хүнээр ачаа бүү татуул” гэдэг шиг ингээд орхиод явах санаа ах намынханд байхгүй байлтай. Сонгуульд дэвшүүлсэн уриа, лоозонг ард түмэн мартаагүй байгаа. Эх орондоо сайхан амьдрах эх үүдийг нээж байгаа шинэ үе гэж ойлгож болно. Хөгжлийн гараан дээрээ ирчихээд дүүхэлзэж байгаа Монгол Улсын ирэх дөрвөн жилийн хөгжлийн өнгийг шинэ Засгийн газар зурж, ажил хэргээ явуулж эхлэх учиртай. МАН-ын дутуу үлдээснийг АН нөхөж ажиллах ёстой. Гагцхүү ялсанд нь атаархаж, ялагдсандаа ялархах цаг хугацаа алга байна. Тусгаар тогтнолынхоо ордноос гарч Төрийн ордондоо цуглаж засаг төрөө эмхлэн байгуулж, ажлаа хийх хэрэгтэй болоод байна. Засаг төрийн эрхийг алдах нь гол биш хариуцлагатай байж хийсэн ажлаа дүгнүүлж хүлээлгэж өгөх нь хамгаас чухал асуудал болчихоод байна. Иймэрхүү янзаар байгаад байх юм бол ард түмэн онд орох гэж нэлээд зутрах бололтой. “Гаансны бохь түгжрээд байвал бороо орно” гэдэг шиг МАН-ынхан түгжирч байгаад зуд болох вий. Уг нь Засгийн газраа эртхэн хүлээлгэж өгвөл онд тарган орохын тэмдэг буй за. Энэ зун бороо хур их орлоо. Эрт намарших төлөвтэй. Нэг л өглөө сэрэхэд нэвсийсэн цас дарчихсан байвал бид яах вэ. Наадмын маргааш намар гэгчээр их ажлууд хүлээгдэж буйг улстөрчид маань мартчихаагүй л байлтай. Үй олноороо үхсэн мал, үгүйрч хоосорсон ард түмэнг ах намынхан харахыг хүсээгүй л баймаар юм. Ажлаа эхэлж ард түмнээ эх оронд нь элэг бүтэн сайхан амьдруулах ухаантай л байгаасай.
Э.Баясгалан Улс төрийн тойм
URL: