“Хан ресурсиз” Монголын Засгийн газраас 200 тэрбумыг нэхэмжлэв

Монгол улсад уран олборлогч Канадын “Хан ресурсиз” компани Монголын Засгийн газраас 200 тэрбум ам.доллар нэхэмжилж, арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын арбитрын журмын дагуу байгуулагдсан шүүх Монголын Засгийн эсрэг дээрх нэхэмжлэлийг хүлээн авсан байна. “Хан ресурсиз”  Монголын Засгийн газрыг ОХУ-ын хамтрагчийн хамт 2009 онд тус компанийн олборлолт, ашиглалтын лицензийг хууль бусаар хураан авсан гэж буруутгаж байгаа тухай “Mining Weekly” сайт мэдээлсэн байна. “Хан ресурсиз”-ийн нэхэмжилснээр Монголын Засгийн газар Дорнод аймгийн нутаг дахь уранын төсөлд тус компанийг хөрөнгө оруулахыг ятгасны дараа лицензийг нь хураан авсан гэнэ. “Хан ресурсиз” 2009 онд уранын төслийн хүрээнд хоёр байгууламж барихаар төлөвлөж байсан авч Монголын Засгийн газар хэлсэн үгнээсээ буцаж, ОХУ-ын Засгийн газартай хамтран уранийн нөөцийг ашиглахаар хамтарсан консорциум байгуулах болсноо мэдэгдсэн аж. Үүний дараа Цөмийн энергийн газраас “Хан ресурсиз” компанид Дорнод ураны лицензийг хүчингүй болгосон тухай мэдэгдэл ирсэн гэнэ. “Хан ресурсиз”-ийн гүйцэтгэх захирал Грант Эдей “Хувьцаа эзэмшигчдэд учруулсан хохирлыг барагдуулах нэхэмжлэлийг арбитрын шүүх хүлээн авсан. Бид Монгол дахь хөрөнгө оруулалтын үр шимийг хүртэх хүртэл хуулийн дагуу тэмцэх болно” хэмээн мэдэгдсэн байна.

“Хан ресурсиз” 2011 оны нэгдүгээр сард арбитрын шүүхэд эхний нэхэмжлэлийг гаргасан юм. “Хан ресурсиз” Монголын Засгийн газрын дээрх үйлдлийг хууль зөрчсөн, шударга бус, ялгаварлан гадуурхсан хандлага гэж буруутгаж байгаа юм байна. “Хан ресурсиз” мөн ОХУ-ын уран үйлдвэрлэгч Атомредметзолото (ARMZ)-ын эсрэг арбитрын шүүхэд 300 сая ам.долларын нэхэмжлэл гаргасан нь одоо болтол шийдэгдээгүй байгаа юм байна. “Хан ресурсиз” 2010 онд Канадын шүүхэд (ARMZ)-ын эсрэг гэрээний үүргээ зөрчиж, нэр хүнд, өмчийг нь хохироосон гэж нэхэмжлэл гаргасан байна. Онтарио хотын дээд шүүх “Хан ресурсиз”-ийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзсэн боловч тэд давж заалдахаар болсон юм байна.
Н.Энх


URL:

Сэтгэгдэл бичих