Сангийн сайд гадныхантай хамтран луйвар хийсэн үү?
Зоос” банкийг эрх мэдэлтнүүд золионд гаргасан байж болох шинэ баримт хуулийнханд ирсэн нь багагүй дуулиан дэгдээж эхэллээ. Үүнд Сангийн сайд С.Баярцогт, Бен Турнбулл, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж”Зоос банкны ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр нар холбогдож буй юм. Тодруулбал Сангийн сайд С.Баярцогт Бен Турнбулл хоёр “Зоос” банкийг дампуурахаас өмнө нууц гэрээ байгуулж байсан баримт Сангийн яаманд хадгалагдаж байгаа гэнэ. С.Баярцогт тухайн үед Ерөнхий сайд асан С.Баяртай ярилцсан байдаг аж. Ингэхдээ “Зоос” банкны актив хөрөнгөнөөс нь идэвхтэй хэсгийг нь авч Төрийн банк байгуулъя” хэмээн ярилцсан тухай тодорхой хүрээний хүмүүс ярьдаг.
Энэ явдлын дараахан Засгийн газрын тэргүүн С.Баяр С.Батболдод ажлаа хүлээлгэж өгчээ. Үүнээс сарын дараа Монголбанкнаас “Зоос”-ыг татан буулгах тогтоол гарч байсан байх юм. Харин Сангийн сайд С.Баярцогт “Зоос” банкны удирдлагад орж ирсэн Европын сэргээн босголтын хөгжлийн банкны багийг ахалж байсан Бен Турнбуллтэй гэрээ хийж байсан баримт байдаг аж. Гэрээнд Европын сэргээн босголт хөгжлийн банкны “Зоос” банкинд эзэмшдэг 25 хувийг гаргуулахаар тохиролцсон нууц гэрээ юм. 25 хувийг нь Европын сэргээн босголт хөгжлийн банкинд гаргаж өгөх хүртлээ Бен Турнбуллыг сарын 28 мянган еврогоор цалинжуулах. Жил гаруй Бен Турнбуллыг цалинжуулж байгаад Европын сэргээн босголт банк саяхан хувиа аваад “тоглоомоос” гарсан талаарх баримт “Зоос” банкны хувьцаа эзэмшигчдэд олджээ.
Энэ хэргээс болж Сангийн сайд С.Баярцогт Авлигатай тэмцэх газарт, Европын сэргээн босголт хөгжлийн банк хууль хяналтынханд дуудагдахдаа хүрээд байгаа юм. Харамсалтай нь Европын сэргээн босголт хөгжлийн банкийг төлөөлөх хүн манайд байхгүй байгаа тул энэ асуудалд арбитрын шүүхэд ч очиж болзошгүй болжээ.
Дэлхий нийтээрээ санхүүгийн хямрал нүүрлэж эдийн засгийн байдал хүндэрч байсан үед буюу 2009 оны эхний хагас жилийн тайлан балансаар ч “Зоос” банкны санхүүгийн байдал нааштай үзүүлэлттэй, татварын дараахь цэвэр ашиг 1.128.945.77 мянган төгрөг гэсэн үзүүлэлт гарч байсан. 2009 оны долдугаар сарын 7-ны өдөр “Зоос” банкны ХК-ийн удирдлагын багийг Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас өөрчилж Бен Турнбуллыг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилж Данн Копиани. Роберт Ложда, Сорен Соренсон, Патрек Мулдер нарын нийт таван гишүүнтэй удирдлагын багийг ажиллуулахаар болсон байдаг.
Гэтэл удирдлагын бага “өөрчлөгдсөний дараахан буюу 2009 оны аравдугаар сарын тайлан тэнцлийг гаргахдаа тус банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Бен Турнбулл нь зохих журмын дагуу зөвшөөрөгдөж байгуулагдсан гэрээний дагуу шинэ зээлдэгчдийн нэр дээр шилжүүлсэн зээлийг хэвийн зээлийн ангилалд оруулан гаргаж байсан тайлан мэдээг санаатайгаар өөрчлөн зориуд гуйвуулж банкны өөрийн хөрөнгө алдагдсанаар гаргахаар бичилт хийн гаргаснаас болж хадгаламж эзэмшигчид олноор мөнгөө татсан нь тус банкны төлбөрийн чадварт нөлөөлсөн хэмээн “Зоос” банкны хуучин удирдлагууд үзжээ.
Учир нь Бен Турнбулл нь энэ хүү тайлан тэнцлийг гаргахдаа холбогдох зээлийг шинэ зээлдэгчийн нэр дээр шилжүүлсэн гэрээ нь хүчин төгөлдөр хэвээр байхад дур мэдэн ТУЗ-өөр хэлэлцүүлэлгүйгээр өмнөх зээлдэгчдийн нэр дээр задлан бичиж банкийг алдагдалтай ажиллаж байгаа мэтээр харагдуулах үйлдлийг зориуд санаатайгаар хийж улмаар “Зоос” банкинд алдагдлын арга хэмжээ авахуулах хүсэлтийг Монголбанкинд тавьсан байдаг.
Л.Пүрэвдорж Д.Батбаярт юуны учир гурван тэрбум төгрөгийн хөрөнгө өгөв
“Зоос” банкийг золионд гаргах ажилд гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг нь тус банкны ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж хоёр юм.
“Зоос” банкийг дампууруулсан хэрэгт ТУЗ-ийн дарга Д.Батбаярт эрүүгийн хэрэг үүсгэн Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж байгаа. Гэвч түүнд холбогдох зүйл анги нэмэгдэж буй бололтой. Тухайлбал тэрбээр Монголбанкнаас “Зоос” банкинд эрх хүлээн авагчаар дамжуулан өөрийн болон нэгдмэл сонирхолтой этгээдүүдийнхээ эзэмшдэг байсан “Зоос” банк ХК-ийн нийт хувьцааны 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнтэй дүйцүүлэн хохирлоо гаргуулан авч амралтын газар болоод бусад хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан болох нь тодорхой болоод байгаа аж.
Нийтдээ түүний шилжүүлэн авсан хөрөнгө нь гурван тэрбум аж. Энэ хууль бус үйлдлээ Монголбанкны эрх хүлээн авагч тайлбарлахдаа Д.Батбаярын “Нэгдэлчин” зочид буудалд 600 сая төгрөг, фермер, аялал жуулчлалын компани өгсөн нь түүнд “Зоос” банкнаас өгөх ёстой өрөнд нь өгсөн хэмээн тайлбарлаж байгаа юм Тэгээд нийт гурван тэрбум төгрөг болж байгаа юм байх. Уг нь хувьцаа эзэмшигчид Д.Батбаяр “Зоос” банкийг эрсдэлд оруулж дампуурсан, Е хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлуулалгүй банк татан буулгаж Монголбанкныхантай үгсэн хуйвалдсан. Түүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа бол харин ч эсрэгээрээ “Зоос”-ын данстай хураагдсан үл хөдлөх хөрөнгөнөөс хувь хүртээж байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж байгаа аж. Иймдээ ч түүнд холбогдох эрүүгийн хэргийн үйлдлийг ийнхүү нэмэх санал гаргажээ. Энэ нь авлига хээл хахуулийн чанартай хэмээн үзэж Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн нэр дээр авлигын хэрэг үүсгэх шалтгаан болжээ. Д.Батбаяр нь “Зоос” банкны үүсгэн байгуулагчдын нэг. Байгуулагдсан цагаас нь татан буугдах хүртэл нь тус банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан.
Иймээс тус банкны бүхий л үйл ажиллагаа нь түүнтэй холбоотой. 2005 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 537 тоот Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал, Үнэт цаасны хорооны 2005 оны наймдугаар сарын 31-ний өдрийн 47 тоот тогтоолын дагуу “Зоос” банк ХХК-ийг хувьцаат компани болгон өөрчилж хоёр сая ширхэг хувьцаагаа Монголын хөрөнгийн анхдагч зах зээл дээр гаргахыг зөвшөөрсний дагуу 2006 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс тус банкны хувьцаа арилжаалагдаж эхэлсэн байдаг. Энэхүү хувьцааны 80 орчим хувийг анх Д.Батбаяр болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдүүд эзэмшиж байсан байдаг.
2007 оноос “Зоос” банк нь үйл ажиллагаагаа өргөжүүлж стратегийн хөрөнгө оруулагч хайж эхэлсний дагуу “Европын сэргээн босголт хөгжлийн банк”,”Зоос” банк хувьцаа худалдан авах гэрээ байгуулжээ. 2008 оны долдугаар сарын 31-нд “Худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу нийт найман сая нэг зуун арван мянга найман зуун арван нэгэн доллар ерэн зургаан центийн хөрөнгө оруулалт “Зоос” банкинд орсон байдаг. 2007, 2008 онуудад хуралдсан “Зоос” банк ХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлаар ноогдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцэж, 2007 онд 3.272.6 сая төгрөг. 2008 онд 3.020.1 сая төгрөгийг 100 хувь хувь нийлүүлэгчдэд ногдол ашиг болгон өгч байжээ. Энэ үед Батбаяр болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдүүд нь нийт хувьцааны 80 хувийг эзэмшиж байсан тул энэхүү ногдол ашиг хуваарилсан явдал нь дээрх хүмүүсийн өөрсдөдөө ногдол ашиг хуваарилуулж авах зорилгоор хийсэн үйлдэл байсан гэж жижиг хувьцаа эзэмшигчид үзэж байгаа аж.
Ноогдол ашиг хуваарилсан явдлыг маш овжноор ашиглан бусадтай хуйвалдан “Зоос” банкны хувьцааг хөрөнгийн бирж дээр зохиомлоор өсгөн нэгж хувьцааны үнийг найман мянган төгрөгт хүргэж, энэхүү өсөлттэй үед нь өөрийн эзэмшиж байсан хувьцааныхаа 30 хүртэлх хувийг өндөр үнээр зарж маш их ашиг олсон байна. 2009 оны дөрөвдүгээр сард худалдсан “Зоос банк” ХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлаар мөн ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцэж гурван тэрбум төгрөг хуваарилсан. Энэ мэтээр Д.Батбаяр нь анх банк байгуулагдсанаас хойш банкинд оруулсан дүрмийн сангаа олон хэлбэрээр хэд дахин өсгөн буцаан гаргуулж авсан ажээ.
Тухайлбал “Зоос” банк жилд бүх зээлийнхээ нэг хувь хүртэлх хэмжээгээр зээлийн эрсдлийн санг үүсгэж найдваргүй, муу зээлээ энэ сангийн мөнгөөр хаадаг байсан гэнэ. Батбаяр нь өөрийн хамаатан садан ах дүү нэгдмэл сонирхолтой хүмүүсээрээ “Зоос” банкнаас зээл авахуулан энэхүү зээлээ найдваргүй эргэн төлөгдөх боломжгүй зээл рүү оруулж улмаар уг эрсдлийн сангаар халхалдаг байжээ. Тэрбээр иймэрхүү аргаар дүрмийн санд оруулсан хөрөнгөө буцаан авсан нь ойлгомжтой юм. Иймэрхүү байдлаар юутай ч хүмүүс хэрэгт холбогдох бололтой. Хуулийн байгууллагад ирсэн мэдээлэл ийм байна.
Г.Ялгуун
URL: