Цөмийн технологийг ашиглах нь аюултай ч ашигтай тал бас бий
Цөмийн энергийн газар, Монгол Америкийн шинжлэх ухааны “Мон-Аме” төв хамтран “Цөмийн технологийн хэрэглээ өнөө ба ирээдүй” сэдэвт хоёр өдрийн сургалтыг энэ сарын 27,28-ны өдөр зохион явууллаа. Сургалтын зорилго нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цөмийн технологийн тухай зөв мэдээллийг олгоход чиглэсэн юм.
Тус сургалтаар сэтгүүлчид Хавдар судлалын үндэсний төв, Геологийн төв лабораторийн үйл ажиллагаа болон Дархан-Уул аймагт байрлах Ургамал, Газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаа, төслийн үр дүнтэй танилцсан. Сэтгүүлчид төдийгүй хүмүүсийн анхаарлын төвд байдаг зүйл нь монголд атомын цахилгаан станц баригдах уу, үгүй юу гэдэг асуулт байдаг. Энэ тухай хэвлэл мэдээллээр ихэд цацагдаж, атомын хог хаягдлыг монголд булшлах эсэх дээр маргаан дагуулдаг. Харин энэ тухай “Манай улсад 1998 оноос хойш Вьетнам, Солонгос улсын цөмийн хаягдал булшлана гэж ярих болсон. Хэдийгээр ийм яриа байгаа ч манайд цөмийн хаягдал булшлах боломжгүй” гэдгийг албаны хүмүүс хэлсэн. Харин атомын цахилгаан станц байгуулах судалгааны ажил хийгдэж байгаа аж.
Атомын цахилгаан станц байгуулах ажлыг хамгийн хурдан гүйцэтгэлээ гэхэд дөрвөн жил шаардлагатай гэдгийг ч хэлж байв. Тус сургалтанд “Мон-Аме” судалгааны төвийн захирал Б.Баттогтох, Цөмийн энергийн газрын судлаачид оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгч байлаа.
Сэтгүүлчид сургалтын эхний өдөр Хавдар судлалын үндэсний төвд ашиглаж буй цөмийн технологитой танилцсан. Тус төвд хэрэглэж буй багаж хэрэгслийн зарим нь 1995, 1997 онд орж ирсэн ч эдүгээ ашигласаар байгаа гэнэ. Ирэх жилээс тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх тухай Хавдар судлалын үндэсний төвийн ХСҮТ Туяа эмчилгээний тасгийн физик инженерийн ажилтан Б.Лхагвасүрэн хэлсэн. Зориулалтаараа бол дээрх багаж хэрэгслүүд дээд тал нь 10 жил хэрэглэх ёстой аж. ХСҮТ-д ирэх онд шинээр хоёр “Шугаман хурдасгуур” суурилуулах гэнэ. Энэхүү аппаратыг суурилуулснаар хавдраар өвчлөгсөд гадаад орныг зорьж өндөр үнэтэй эмчилгээ хийлгэх шаардлагагүй болох юм байна.
Эх орондоо олон улсын стандартад нийцсэн туяа эмчилгээний чанарын шаардлагыг хангасан эмчилгээ үйлчилгээнд иргэд бүрэн хамрагдах боломжтой болж байгааг тус төвийн ажилтнууд онцолж байлаа. Цөмийн энергийн газрын даргын орлогч Г.Манлайжав сэтгүүлчидтэй уулзах үеэр анагаах ухааны салбарт хэрэглэж буй цөмийн технологийн нөлөөллийн талаар асууж сонирхож байлаа. Тэрээр “Цөмийн технологийг ашиглах нь аюултай ч ашигтай тал бий. Ашигтай талыг эрсдэлээс дээгүүрт тавих ёстой. Гол нь цөмийн технологийн аюулгүй хэрэглээг эрхэм болгох нь зүйтэй. Хүн жилд 20 миллограммын цацраг идэвхит бодисыг хүлээн авч болно. Түүнээс ихийг биедээ авсан тохиолдол манай оронд одоогоор гараагүй байна.
Монголд нийтдээ 230 гаруй байгууллагад цөмийн технологитой харилцан ажилладаг 1200 гаруй мэргэжлийн ажилчин байдаг. Тэд байнгын аюулгүй ажиллагааг сахиж ажилладаг” гэсэн юм. Ирээдүйд цөмийн технологи Био, НАНО технологитой эн зэрэгцэхийг судлаачид сургалтын үеэр сануулж байлаа.
Г.Нямсүрэн
unen.mn
URL: