За яахав ялагдаа л биз

Замбуулингийн долоон тэрбум хүний олонхийнх нь хүсэл сонирхол будант Албонийн зүг бэлчиж байна. Нэрийг нь мэдэхгүй арлын жижиг улсаас эхлээд  үхэл амьдрал хослосон дайн тулаантай орноос ч хүртэл тамирчид ирснийг бодоход олимп гэдэг үнэхээр агуу зүйл ажээ.

Үзэл бодол, шашин шүтлэг, яс үндэс үл харгалзан оролцдог энхийн гэгддэг уг наадамд эрээн бараан зүйл ч бас байдаг бололтой. Тухайлбал Беларуссын Ерөнхийлөгч Лукашенко, хойд Солонгос, Ираны төрийн тэргүүнүүдийг Лондонд урьсангүй. Олимпод оролцуулахгүй гэж байвал үнэхээр даян дэлхийд ганцаардсаны шинж. Бид азтай хүмүүс юм. Уламжлалаа хадгална гэж дүвчигэнээд хуучин тогтолцоондоо үлдсэн бол юун олимп. Ёстой л амьд явбал улсын наадам үзнэ гэдэг энэ дээ.

Учиргүй их ялаад байхдаа биш оролцохдоо хэргийн учир нь хэмээн орь ганц шахуу тамирчин илгээсэн улс ч байх юм. Нээрээ ч тийм дээ даян дэлхийд ийм улс орон байдаг гэдгийг зарлах таатай боломж. Монголын маань тамирчид өнгөлөг байна. Зодог шуудагтай тугчин явж, энэ хорвоогийн хамаг амьтны нүдийг бүлтийлгэдэг байсан үе ард хоцорч өнгөлөг, мөнгөлөг харагдаж байна. За яахав ялагдаа л биз. Бас чиг болоогүй байна. Ер нь ч тэгээд олимп ингээд зогсчих гэж байгаа биш юундаа ч харамсаад байхав дээ. Улс орон маань хөгжиж, зон олны маань зоо тэнийж байвал медаль идэх биш харамсаад байх ч юу байхав. Авбал сайн л байна. Хавтгай гэгддэг цахимжсан ертөнцөд мэдээлэл олж авах нь дэндүү хялбар болсон. Энэ ч утгаараа сайт ухаж, баруун зүүний суваг эргүүлж хоёр хонов. Олзуурхууштай зүйл олон харагдлаа. Бид олуулаа оролцож байна. Хоёр гуравхан тамирчинтай улс ч өрөвдөлтэй харагдах юм аа хөөрхий. Алдарт BBC үзэж байгаад төрийнхөө тэргүүнийг Их Британийн Хатан хаантай элэгсэг дотно харилцаж байхыг үзээд омогших сэтгэл төрөв. Манай Ерөнхийлөгч, Мишель Обама хоёрын хатан хаантай уулзаж байгаа дүрсийг хэдэн ч удаа харуулав даа энэ BBC.

Яг л манай жижиг сувгууд шиг нэг л дүрсээ давтаад байхаар нь даян дэлхий бидний овоо ойшоодог болоо юу гэсэн бодол төрнө. За тэгээд сайт ухлаа. Мөнөөх л зураг. Монголынхоо сайтуудыг юу гэж орхихов. Болж байна аа. Мэдээллийг цаг алдалгүй хүргэж байна. Хэрэгт дурлан коммент уншлаа. Дур гутав. Ёстой л нөгөө Баабарын хэлдгээр “надад атаархсан, бэлгийн сулралтай, дээр үед ажлаасаа халагдсан… хэдэн нөхөд байдаг юм” гэдэг л ортой бололтой. Элбэгээ лааны тосон баримлын дэргэд зогсож байна гэж сул дорой нэгэн компьютерийн цаанаас хорсчээ. Улсынх нь тэргүүнийг үнэлж хүндэлж байгаа нь өөрийг нь хүндэлсэнтэй адилхан хэрэг гэдгийг сайхь тэнэг ухварлан ойлгох ухаан алга. Болоогүй ээ эхнэрээ дагуулсангүй гээд л авч өгч. Үүний учрыг хэд хоногийн өмнө асрах газрын багш бүсгүйгээс сонссоноо гэнэт саналаа. Тэргүүн хатагтай маань өнчин хүүхдийн асрах газартайг тэр бүр хүн мэддэггүй. Зайлуул нэг нялх амьтны бие тавгүй байгаа юм байх. Тэгээд л тэр хүүхдэд санаа нь зовоод яваагүй гэдгийг танил маань хүүрнэж байсан нь санаанд орлоо. Нөгөө хүүхдийн бие эвгүйтвэл наргиж цэнгэж явахаар амьтны өнчин үрийг харж суухгүй дээ хэмээн баалах байсан биз ээ. Хэцүү ч юм аа да энэ хорвоо. Ээбий ерөнхийлөгч Хамба лам, Бадар-Ууган болон ууган хүүгээ дагуулж одсон аж. Эрх нь тийм байдаг юм гэнэ. Хүүгээ УИХ-ын гишүүн, сайд болгоно гээд дайрч байгаа экс цаана чинь бас бий шүү. Аавын бийд хүнтэй танилцаж, агтны бийд газар үзнэ гэгчээр эцэг хүн хүүгээ наадамд дагуулж очоо л биз. Яадгийн. За тэгээд хөөрхий Бундмаа, Цагаанбаатар нарыг занаж гарчээ. Тэд улс орныхоо нүүрийг тахлахдаа тахалж байсан. Болоогүй л байгаа биз, яадгийн. Ямар бидэн шиг юмтай барилдаж байгаа биш, хэдэн сая хүнээс шилэгдсэн алтын төлөө зүтгэж байгаа агуу тамирчид шүү дээ цаадуул нь. Энэ мэтчилэн таагүй зүйлээс татгалзаад үлдэж байгаа хэдийгээ медаль хүртээсэй гэж хоёр сая долоон зуун мянгуулаа залбирцгаая.

Гэгээн бодол сайн сайханд хүргэдэг. Өөдрөг үзлээр жигүүрлэсэн хүн өөдлөж хөгждөг гэдгийг ямагт санахын учир өөрсдийгөө голж, бусдыг тахин шүтэхийн явцуу үзлээс ангижирцгаая.

Наадам сайхан өрнөж байна. Бид медаль авнаа.

Х.ГАНХӨЛӨГ

Эх сурвалж: www.ulstur.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих