Хаалга нь цоожтой намыг мянга шинэчлээд тооноороо ч гарч ирэхгүй нь тодорхой

Түүх давтагдах боллоо. 1996 оны сонгуулиар ардчилал ялж, ууган улс төрийн хүчин анх удаа сөрөг хүчин болж байлаа. УИХ-ын сонгуульд МҮАН, МСДН-ын “Ардчилсан Холбоо” эвсэл 50 суудал авснаар Засгийн газраа бүрдүүлэх эрхтэй болсон. Харин МАХН 25 суудал авч, үлдсэн нэг суудлыг МУНН-аас О.Дашбалбар эзэлсэн билээ. Дөрвөн жилийн хугацаанд дөрвөн ч Засгийн нүүр үзсэн он жилүүд. МАХН сөрөг хүчин гэх үгийн утгыг ойлгож, бас хүлээн зөвшөөрөх гэж ядаж байсан түүхэн үе ч гэж нэрийдэж болохуйц. Яг л улс төрийн тайзнаа өрнөж байгаа өнөөдрийн жүжгийн 16 жилийн өмнө найруулан, тавьж байсан юм.

УИХ-ыг бойкотолж, олонх болсон МҮАН, МСДН-ын “Ардчилсан холбоо” эвслийн ялалтыг хүлээн зөвшөөрөхөөс эмээж байлаа, яг л өнөөдрийн АН олон суудал авсантай эвлэрэхгүй байгаа шиг. Тухайн үед төрийн ажлыг гацааж, улсын хөгжлийг чөдөрлөсөн нь ах намын атгаг санаа гэх явган яриа ч улс төрийн хүрээнийхний дунд хаяахан өрнөх нь бий. Ардчиллын Засгийн газрыг дэгээдэж унагах ажиллагааны хоолны жорыг нь ах намынхан найруулсан гэх юм билээ. Улс төрийн тогоонд олон жил ноёрхсон тэдний найруулсан хор үүргээ гүйцэтгэж, Засгийн газрыг дөрвөн ч удаа онхолдуулж чадсан. Тухайн он жилүүдэд МАХН хууль тогтоох байгууллагад шийдвэр гаргуулахгүй байх хэмжээний хүчирхэг байсан тул үүгээрээ түрий барин төрийг хүчгүйдүүлэх арга тактик хэрэглэж эхэлсэн нь энэ. Үнэн хэрэгтээ нийгмийг жолоодох, сэтгэлгээг залах, төрийн гол шийдвэрийг гаргах эрх мэдэл тэдэнд байлаа. Албан ёсны эрх баригч хүчин нь үнэн чанартаа барьцаанд орсон он жилүүд байсан талаар ч улс төр судлаачид дүгнэсэн нь бий.

Энэ цагаас хойш Засгийн эрхэнд ноёрхсон ах намынхан өнөөдрийг хүртэл төлөвшиж, намба суугаагүй нь хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгнээс нь цухалзах боллоо. Ирэх дөрвөн жилд 1996 онд хутгаж байсан хорны жорыг шинэчилсэн хувилбараар нь хутгахаар санаархаж буй бололтой. Цээж дүүрэн өс хонзон өвөрлөсөн, дахиж хэзээ ч төрийн эрхээс зайлахгүй гэж дор бүрээ тангараг өргөсөн мэт авирлаж, төрийн ажлыг хэдийнэ гацаагаад эхлэв.

Үнэндээ АН-ыг өмнөх он жилүүдээ дурсаж, МАН-д хадаг барин бэр гуйж ирнэ хэмээн нүд салгалгүй ажиж байсан ч, баярын бялуунаас хэлтэрхий ч олдсонгүй. Тэр ч бүү хэл, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын намтай ураг барилдаж, хадаг солилцоно гэж зүүдлээгүй тул шоконд орсон ч гэж хэлж болно. Горьдлого тасарч, шоконд орсон тэд барьц алдаж, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг дотроо арцалдаж, албан тушаалынхаа алимыг шидэлцэж эхэллээ. Нэмэгдэхүүний байрыг хичнээн сольсон ч нийлбэр нь адилхан гэдэгсэн. Энэ үгийг ах намд хүний, өөрийн намынхан мянга сануулаад нэмэр болсонгүй. Намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтнээ сольж, Удирдах зөвлөлөө гурван өдөр хуралдаж, шинэчилсэн гэх боловч хууччуул нь хөшигний ард сууж, утсан хүүхэлдэйнүүд нь ил гарч ирснээс цаашгүй. Энэ бүхнийг шинэчлэл гэж үзэхэд хэцүү.

Хөгжлийн гараан дээрээ дүүхэлзэж байгаа Монгол Улсын ирэх дөрвөн жилийн өнгийг шинэ Засгийн газар зурж, ажил хэргээ явуулж эхлэх учиртай. Үгүй дээ л, наадмын маргааш намар гэгчээр намрын ажил шилээ даран хүлээж буйг олон жил Засгийн толгойд ноёрхсон ууган улс төрийн хүчин мартчихаагүй л байлтай. Гацааж, шантаажлах мэхэндээ гаршсан ах намын үг, үйлдэл бүрээс ард түмэн залхаж байна. Ууган улс төрийн хүчинг улс төрийн соёлтой байж, ялагдлаа хүлээн зөвшөөрнө хэмээн ард түмэн итгэж байсан. Харамсалтай нь тэд өнөөдрийг хүртэл зүүднээсээ сэрж чадахгүй, тийчигнэж, эцэст нь улс орны хөгжил, төрийн ажлаас илүүтэй албан тушаалаа бялууны зүсмийн төлөө Тусгаар тогтнолын ордондоо амиа тавихад ч бэлэн аяглаж байна. Муу болгоныг ардчилал руу чихсэн, хорвоогийн өнгөтэй өөдтэй болгоныг өөрсөд дээрээ хаягласан хонзогногчдыг сөрөг хүчин гэх үү, бас л бодууштай. Хаалга нь цоожтой намыг мянга шинэчлээд тооноороо ч гарч ирэхгүй нь тодорхой. Иймд шинэчлэл гэж албан тушаалын бялууны төлөө алалцаж байхаар байнгын ажиллагаатай парламентын ажиллагааг гольдролд нь оруулж, улс орны хөгжлийн аргамжааг тайлах нь зүй болов уу. Улмаар орон нутгийн сонгуульдаа анхаарлаа хандуулахгүй бол дахин ялагдал хүлээвэл бялуу битгий хэл талхны хэлтэрхий ч олдохгүйг сануулахад илүүдэхгүй биз.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих