Хятадад хар тамхины хэрэгт холбогдсон залууст ял оноожээ
Манай улсын иргэн Л.Төмөрчөдөр нарын дөрвөн залуу одоогоос хоёр жилийн өмнө Малайзын цагдаад баригдаж байсан. Тэд Малайзаас Хонконг руу тус, тусдаа 700 граммаас нэг кг хүртэл герион авч явах гэж байгаад нисэх онгоцны буудал дээр баригдаж байсан.
БНХАУ-д шүүгдсэн тэдэнд жил гаруйн өмнө анхан шатны шүүхээс цаазаар авах ял оноож байсан ч дараагийн шатны шүүх нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Нэмэлт мөрдөн байцаалт хийсний дараа ч Хятадын шүүх тэднийг бүлэглэн, их хэмжээний хар тамхи тээвэрлэсэн гэх үндэслэлээр дахин цаазаар авах ял оноожээ.
Харин шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүх хурлын үеэр хэргийг бүлэглэсэн гэж үзэх үндэслэлгүй, тус тусад нь шалгах ёстой гэсэн нотолгоо удаа дараа гаргасан байна. Тиймээс дараагийн шатны шүүх хурлаас мөн л мөрдөн байцаалтад буцсан байна. Үүний дараа зарлагдсан шүүх хурал өмгөөлөгч солигдсон гэх үндэслэлээр хойшилж байсан гэнэ. Тэр үеэс буюу өнгөрсөн оны наймдугаар сард хоёр улсын Консулын газрын уулзалтын үеэр дээрх дөрвөн залуугийн талаар яриа өрнөсөн аж.
Манай улсын Консулын газраас цаазын ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсч байсан байна. Ингээд прокурорын байгууллага Монголын дөрвөн залууд холбогдох хэргийг тусгаарлаж яллах дүгнэлт үйлдсэн аж.
Шүүх хэргийг саяхан хэлэлцээд залуучуудад 7-10 жилийн ял оноожээ. Тэднийг анх удаа ийм хэрэгт холбогдсон, хүний дайвар авч явснаа мансууруулах бодис гэж мэдээгүй гэх зэрэг хөнгөрүүлэх шалтгааныг шүүх харгалзаж уг шийдвэрийг гаргасан байна.
Гадаад харилцааны яамнаас энэ талаар тодруулахад “Консулын газрын дарга эзгүй байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Ямар ч байсан шүүх хурал болж шийдвэрээ гаргасан. Ар гэрийнхэн хуралд оролцоод ирсэн байх учиртай. Хятадын шүүхээс харьцангүй хөнгөн ял оноолоо гэж үзэж байгаа” гэсэн юм.
Хар тамхины хэргээр ял сонссон залуус 25-30 настай. Эх орондоо байхдаа Орос, Хятад руу явж бизнес эрхэлдэг байжээ. Тэдний нэг нь урлагийн хүн байсан гэх яриа ч байгаа юм.
Л.Хишиг
URL: