Дори залуу дүүдээ хандах нь (Баабар биш)

Миний дүү хорин насны босгыг алхлаа. Дээд боловсролтой, хүнд харуулах дипломтой  боллоо. Ажил, амьдралын ариун дайнд мордох цаг чинь нэгэнт болжээ. Баабар ахынхаа бичснийг уншаад бөндгөрөө цэнэглээд авсан гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм учраас ах нь мэдлэг, боловсрол гэж давтаж улиглахгүй. Үнэндээ дүүгийн бөндгөр дотор тархи  байна уу, тараг байна уу надад ердөө ч падлийгүй. Гагцхүү энэ зэрлэг нийгэмд  яажшуухан амьдарч, ямаршуухан хүн болж, ялаа алахад чинь нэмэр болуужин хэмээн  энэхүү мөрүүдийг зориулж байна. Яавал богинохон хугацаанд их мөнгөтэй болж хорвоог босс ах нар шигээ цалгиж,халгиж туулах вэ л гэж толгойгоо гашилгаж суугаа биз?.
Аргагүй ээ, үүнээс илүү мөрөөдөл  гэж үгүй. Сайн хүн биш мөнгөтэй  л өмнө толгой бүхэн бөхийдөг болсон цаг. За тэгэхлээр эхлээд яаж ийж  байгаад төрийн албанд орноо хөө. Газрын алба,гааль бол мэдээж оргил нь. Олдохгүй  бол яахав ээ, юу ч байж болно. Гол нь аливаа хүн ажлаа бүтээхийн тулд чамайг  царайчилдаг тийм “түшмэл” мээстэн дээр л очих хэрэгтэй. Үүний төлөө хэд гурван  цаасаа харамгүй зориул. Хүнээс хуссан аваас хулгайч,төрөөс хуссаныг нь бол төрийн  түшээ,албан хаагч гэж нэрийддэгийг дүүд сануулах юун. Үр дүн нь нэмэхтэй гараад  ирэхийн тэр цагт чи хэзээ ч амаа барихгүй гэдэг үгэнд минь харин итгэ. Улс төрийг  чамаар  оролдохыг нь хүлээлгүйгээр өөрөө эхлээд оролд. Монголд засгийн эрхийг  ээлжлэн барьдаг хоёрхон нам байдаг болохоор сонголт хийхэд ч ядах юм алга.Алийг  сонгох нь чиний хэрэг ч адилдаа адил, годилдоо годил гэдэг үгийг сануулах нь  зүй. Тийм болохоор зоос шидээд шодчих, шийдэхэд амар.
Намын залуучуудын  байгууллагаас л хойчийн их үйлсийнхээ гарааг эхлүүлнэ шүү дээ дүү
минь.С,Баярцогт, Ч.Сайханбилэг, У.Хүрэлсүх гээд зөндөө ах нар чинь улс төрийн их  марафоныхоо гарааг эндээс л эхэлсэн. Том дарга нарынхаа өмнө сайн бөхийж сонгууль мэтийн аар саар,хар бор ажилд нь сайн гүйх хэрэгтэй. Жалга дов, нутгархах үзэл гэж  шат ахихад тустай сайхан гишгүүр байдгийг хэлэхгүй өнгөрвөл алдас болно. Увс  гаралтай бол Ц.Нямдорж, Д.Дорлигжав ах нар чинь, Ч.Улаан, С.Батболд дарга нар  Сүхбаатар зүгийнх бол  туслах жишээний.
Удирдлагын академи гэж түшмэл хүний  заавал дүүргэх ёстой дамжаа байдгийг хэлэхээ мартаж харлах нь. За яав. Миний
хэлснээр болсон уу?. Тийм үү?. Мөн үү?. Таацан уу?.
Албан тушаалтай, намын сонгуультай, тодорхой хэмжээний баялаг бүтээгээд аваа биз хөө. Тэгэх ёстой. Одоо л  жинхэнэ кино эхлэнэ дээ.Чиний саяны туулдаг  бол зүгээр л киноны өмнөх  журнал. Эхлээд Лексус-470 юм уу 570 авч унана шүү. Заавал хар юм уу содон гоё  өнгөтэй, машины чинь улсын дугаар,утасны чинь 9911 дугаарын сүүлийн оронтой  адилхан байх ёстой. Яагаад заавал гэж асуухаас чинь өмнө, энэ бүхэн бол нэр  төр,сэтгэл ханамжийн баталгаа юмаа гээд хариулчихъя ах нь. Хүнд таалагдах, сэтгэгдэл төрүүлэх л чухал болохоос хүсэл сонирхол чинь бол нэг их  сонин биш. Эхнэрийнхээ юм уу, ах дүүсийнхээ нэр дээр компани байгуулж мөнгөө  эргүүл. Ашигт малтмалын лиценз цуглуул. Газрыг га гагаар нь өөрийн болго. Хүлээж бай, хөгшин арслан өөрөө заагаад өгнөө гэж кинон дээр хэлдэг шиг  яаж идэхийг  цаашдаа цаг хугацаа өөрөө  чамд заагаад өгөмз. Харин ханана, цадна гэдэг үгийг  тархинаасаа делет хийсэн нь дээр.Улс төрч хүн, улсын нөөцийн будаанд орсон хулгана хоёрт ханах, цадах тухай ойлголт хэрхэвч байж болохгүй. Айх  ичих, зовох, эмээх гэдэг үгийг хууль, тогтоомжтой нь цуг онхи март. Хурдан морь үнэ  цохин худалдаж ав. Гүү азарга хоёроо ялгахгүй гэж үү. Зүгээр. Араб,  английн эрлийз адуунд чинь сэргээш тарьж айраг, түрүүг залаатай малгайтай нь аваад өгөх адуу  тэжээдэг монгол бишгүй олдоно газар. Наадмаар туг, хиур дэрвэсэн улаан халзтай  өргөөндөө улаа бутраад, томчуудтай их гарын хаш хөөрөг зөрүүлээд сууж байх ч  ээдээ бас эр хүний жаргал.Хээр гарч яргуй идсэн гөрөөсний халуун цус уух,тулны  толгойны шөл оочих,чоно авлаад ид хав,ёндоогоо гайхуулан машин дээрээ ачиж  давхих,залуухан сэвгэрүүд ээлжилж өвөртлөх, Америк, Со, Синга нисч азаа үзэх гээд  заавал сурах 10 бүжиг гэдэг шиг босс хүний хийх 10 ажил гэж бас байнаа. Эд хөрөнгө аривжиж,зэрэг зиндаа өгсөх замд чинь хүн чанар гэж нэг юм уруудаад  зөрөх вий.Түүнийг тоох хэрэггүй,харин ч араас нь амбаардаад өнхрүүлдэг юм шүү. Мөнгө байхад дараа нь хэрэгтэй бол худалдаад авч болно ш дээ.Тэгээд ч  ялихгүй зусар баяжихад саад гэж Монголын Адам Смит Итгэлт баян хэлсэн юм. Ер нь  эрх дарх,мөнгө хөрөнгө байхад ээжээс бусдыг нь худалдаж авч болдог юм. Залуу найздаа захих зүйлс гэвэл энэ.Эх орон чинь гологдоод,давчдах цаг ирвээс гадагшаа гарнаа гэж гарц байдгийг эрхэм дүүдээ сануулалгүй орхиж яахин төвдөх. Аз  хийморь,ашиг орлого,албан тушаал бүхний дээдийг хүсэн ерөөсөн Ах чинь.

Жич:
Энэ бүгд байхад өөрөө гүйгээд ирдэг учраас аз жаргал,аливаа сайн сайхныг гэж улигласангүйг эрхэм дүү болгооно буй за.

Ө.Пүрэвсүрэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих