З.Энхболд будлиантай тойрогт гараар тооллого хийхийг чухалчлав

Сонгууль өндөрлөснөөс хойшхи нэг cap орчмын хугацаанд Монголын улстөрд олон шинэ зүйл болж өнгөрөв. Монгол Ардын Намын Бага хурал болж удирдлагуудаа шинэчиллээ, УИХ-ын шинэ дарга ч томилогдлоо. Сүүлийн нэг cap багагүй маргаан дундуур өрнөсөн улстөрийн үйл явц, үл ойлголцол Монгол Ардын Намын шинэ дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын шинэ дарга З.Энхболд нарын зөвшилцлөөр урагшаа хөдлөх төлөв өнгөрсөн долоо хоногт ажиглагдлаа. Учир нь өнгөрөгч баасан гаригт хоёр шинэхэн дарга хэлэлцээрийн ширээний ард суусан юм. Тэд юуны өмнө УИХ-ын даргын хууль бус томилгооны тухай ярилцсан гэдгийг эх сурвалж хэлсэн.

Хамгийн шийдвэрлэх ёстой нэг ажил бол өнгөрөгч сонгуулийн маргаан дагуулсан үйл явдлууд байлаа. Тиймээс Ө.Энхтүвшин дарга Өвөрхангай аймгийн тойрогт нэгэнтээ ард түмний саналаар ялаад гарч ирсэн хоёр гишүүнийг тангараг өргүүлэх, мөн Архангай, Хэнтий, Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд тооллогыг гараар явуулах талаар анхаарах хүсэлтээ З.Энхболд даргад албан ёсоор дуулгажээ.

Харин шинээр томилогдоод буй УИХ-ын дарга З.Энхболд энэ мэт асуудалд нааштайгаар хариу өгч, хоёр талаасаа ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар болсон байна. Ямар ч байсан ард түмэнд үнэн зөв шийдлийг харуулах үүднээс дээр дурдсан тойргуудад дахин тооллого хийж зарим маргааныг эцэслэх нь бидэнд ч, ард түмэнд ч хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлжээ. УИХ-ын даргын хэлснээр, энэ жилийн сонгууль шинэ хуулиар болсон, иргэдийн саналыг автомат машинаар тоолсон гээд олон шинэ зүйл байсан. Тиймээс сонгуулийн үеэр гарсан маргааныг тасалж, нэг тийш болгохгүй бол удахгүй болох орон нутгийн сонгууль , цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуулиар үл ойлголцол бий болох талтай ажээ. Тиймээс маргаантай байгаа тойргуудад ахин тооллого хийхэд буруудахгүй. Хоёр талаасаа хэлэлцээд яаравчлах хэрэгтэй гэсэн байна.

Улстөрийн тогоонд хат суутлаа чанагдсан МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын дарга З.Энхболд нар аль болох өрсөлдөгч намуудын үүднээс биш улс эх орон, ард түмний төлөө төрийн ажлыг гацаахгүй явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн олон жилийн турш улстөрийн хоёр том жигүүр болж ирсний хувьд төрийн ажлыг гацаахгүй урагшлуулж байх нь хоёр намын үүрэг шүү гэдгийг ч онцолжээ. З.Энхболдын хувьд ямар ч байсан маргаан шийдэх эсэх нь тодорхойгүй байсан Архангай, Хэнтий аймаг, Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүд дээр гараар санал тоолох ажлыг хийлгэх тухай ярьж, энэхүү ажлыг нугалах ажлын хэсэг томилохыг зөвшилцсөн нь УИХ-ын даргынх нь хувьд цаашдын ажилд нь дэмтэй гэдгийг ч хэлэх хүмүүс байна.

Түүнчлэн УИХ-ын шинэхэн дарга ажлаа ард түмний саналыг үнэн зөв тоолохоос эхэлж байгаа нь туйлын зөв алхам гэж бас үзэж байгаа ажээ.

С.Баяр

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих