Ука ганцаардах болов

Өөрсдийгөө исгэлэн хэрнээ амттай жимсний нэрээр нэрийдэн Монголын рок попын ертөнцөд хөл тавьсан “Киви” хамтлагийнхныг ард түмэн “Б.Ангирмаагийн охид” хэмээн өхөөрддөг. Гэвч сүүлийн нэг жил гаруйн хугацаанд ая зохиогч Б.Ангирмаагийн энхрий охид хамтарсан уран бүтээл туурвисангүй. Түүгээр ч зогсохгүй, тайзан дээр ч хамтдаа тоотой гарав. Тиймээс “Киви” хамтлаг тарж байгаа гэсэн яриа гарах болсон ч Агий, Ука, Намуунаа нар үүнийг үгүйсгэсээр өдийг хүрсэн.

Хамтлагийн ахлагч Ука бие даасан цомог гаргаж, ганцаарчилсан уран бүтээл туурвин хэсэг хугацаанд олныг шуугиулсан. Намуунаа ч түүнээс юугаараа дутах вэ гэсэн шиг хийлийн тоглолт хийнэ хэмээн сенсаацилаад амжсан.

Бие даасан цомгоо худалдаанд гаргаж, нэлээд хэдэн дуугаа дүрсжүүлсэн ч хамтлагийн ахлагч Ука ганцаараа хол явахгүйгээ мэдэрсэн бололтой. Тэрбээр хамтлагийн охидоо нэгтгэж, хамтдаа уран бүтээл туурвихыг хүсч байгаа ч Агий, Намуунаа нар түүний саналыг тийм ч амархан зөвшөөрсөнгүй. Хамтлагийн продюсер, ая зохиогч Б.Ангирмаа ч шинэ хамтлаг гаргаж ирэхээр завгүй яваа сурагтай.

“Киви” тараагүй” хэмээн удаан хугацаанд гүрийсэн Ука хамтлагаа эргүүлэн нэгтгэхийг хүссэн боловч ганцаардаж, яах учраа олохгүй яваа сурагтай.

”Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих