Хогны машины тоог нэмсэн ч хот хогтой хэвээр байна
Нийслэл хогноосоо салах болоогүй бололтой. Учир нь хогны мөнгөө төлдөггүй иргэдээс болж хур хогийн цэг үүсдэг байсныг арилгах мөн хог тээвэрлэлтийн санхүүжилтийн асуудлыг шийдэхийн тулд хогны мөнгийг цахилгааны төлбөртэй хамт хурааж эхэлсэн. Гэсэн ч энэ нь сахил хүртээд шал дордов гээч болж орхилоо.
2011 оны зургаадугаар сараас эхлэн Нийслэлийн Засаг даргын захирамжаар хогны мөнгийг цахилгааны төлбөртэй хамтатган авдаг болжээ. Ингэснээр дүүргүүдэд төвлөрөх хог тээвэрлэлтийн төлбөр харьцангуй өссөн үзүүлэлттэй байдаг. Өөрөөр хэлбэл энэ захирамж гарахаас өмнө нийт цуглах ёстой төлбөрийн 26 хувь л цуглардаг байсан бол 75 хувь болж өссөн байна.
Гэтэл энэ мөнгөөр чухам юу хийдэг нь тодорхойгүй байна. Урьд нь гэр хорооллын айлуудын хогийг сардаа ядаж нэг удаа ачдаг. Тэр үедээ хогны мөнгийг шууд хурааж авдаг байсан. Харин цахилгааны төлбөртэй хамт авдаг болсноор нөгөө өдрийн од мэт хогны машин нь улиралдаа ганц болж цөөрсөн. Дүүргүүдийн ТҮК-үүд үүнийгээ хог тээвэрлэдэг машин хүрэлцээгүйтэй холбоотой гэж тайлбарладаг.
Айл, өрхүүдээс хураасан хогны мөнгө дүүргүүдийн мэдэлд, захиран, зарцуулах бүрэн эрх нь Засаг дарга нарт бий. Мөн хогийг хэзээ, хэн тээвэрлэх хуваарийг зохицуулж, хянах үүрэг хүлээдэг. Тэгсэн хэрнээ мөнгийг нь болохоор хураан авчхаад, хогийг нь ачих ёстой үүргээ таг мартчихдаг бололтой.
Уг нь тэд огт ажил хийдэггүй биш, хэрэндээ л хийгээд байгаа аж. Ядаж л дүүргүүд хог тээвэрлэлтийн автомашинд парк шинэчлэл хийж, хороо бүр өөрийн гэсэн хогны машинтай болсон. ингэснээр оршин суугчдын хогийг цаг тухайд нь тээвэрлэх боломж нээгдлээ гэсэн үг юм.
Тухайлбал, Баянзүрх дүүрэгт хог тээвэрлэлтийн 34 автомашинтай байсан бол, нэмж 28 машин авснаар дээрх асуудлыг шийдэх бүрэн боломжтой болжээ. Бусад дүүргүүд ч хог тээвэрлэлтийн автомашинд анхаарч, шинэчлэл хийж байна. Гэхдээ машинтай байлаа гээд түүнийгээ хадгалж, хамгаалах гэж бус хог тээвэрлүүлэх гэж авсан гэдгээ санах хэрэгтэй баймаар. Өөрөөр хэлбэл хогоо цаг тухайд нь ачдаг болсон цагт л нийслэлийн өнгө төрх, өөрчлөгдөнө.
Үүнд иргэдээс хураасан мөнгөний захиран зарцуулалтыг хийх эрхтэй дүүргийнхэн анхаарал хандуулах цаг нь аль хэдийнэ болчхоод байна. Хураамжаа авсан бол үйлчилгээгээ цаг тухайд нь үзүүлж чаддаг байх хэрэгтэй. Нийслэлийн иргэд хогон дунд амьдрахын тулд мөнгө төлдөггүйг хаа хаанаа санах л хэрэгтэй баймаар юм. Уг нь цахилгааны төлбөрөө төлөөгүй хэрэглэгчийн цахилгааныг нь хязгаарладаг. Тэгвэл мөнгийг нь авчхаад хогийг нь ачихгүй байгаа тохиолдолд яавал дээр вэ.
Хашаандаа хогтой байснаас нийтийн эзэмшилд, гудамжинд хаяахаас аргагүй болдог хэмээн иргэд ярьдаг. Тиймээс хэдэн арваар нь худалдаж аваад байгаа хогны машинуудаа хог ачих үндсэн ажилд нь оруулах шаардлагатай байна. Цэвэр агаар сангийн 2011 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд үнс тээвэрлэх тусгай зориулалтын автомашин худалдан авахад 2.0 тэрбум төгрөг, нэмэлт тодотголоор хог тээвэрлэх тусгай зориулалтын авто- машин худалдан авахад 2.5 тэрбум төгрөг төсөвлөж баталсан байдаг. Үр дүнд нь гэр хорооллын үнс тээвэрлэх 13 ширхэг автомашин, 26 ширхэг тэвшийг дүүргүүдэд хүлээлгэн өгсөн байдаг. Харамсалтай нь, нийслэл хогондоо дарагдсан хэвээр, хэдэн тэрбумыг зарсан хогны машины ажлын үр дүн харагдахгүй байсаар байна.
О.Номин-Эрдэнэ
URL: