Энэ өвөл явган зорчигч хальтрахгүй
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хийгдэх тохижилтын ажил сайн байна гэдэг хотын өнгө төрх тэр чинээгээр сайжирч байна гэсэн үг. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Хүнсний-1” орчмын тохижилтын ажилд иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм.
Гэрэлтүүлэг, явган хүний зам, усан оргилуур, замын хайс зэрэг нь өвөрмөц, содон харагдаж байлаа. Тохижилтын ажлыг Монгол Туркийн хамтын ажиллагааны хүрээнд Анкара хотын хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байгаа юм.
Өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн энэхүү тохижилтын ажил цаг агаарын байдлаас шалтгаалан хойшлогдсон байна. Харин энэ зун гэрэлтүүлэг, явган хүний зам, ногоон байгууламжийн ажлыг хийж эхлүүлээд байгаа аж.
Монгол дахь хөтөлбөр зохицуулагч Явуз Жорухаас тохижилтын ажлын явц, хүлээлгэн өгөх хугацааны талаар тодруулсан юм. Тэрбээр “Энд хийгдэж байгаа бүх ажлын зураг төслийг Анкара хотын захиргаанаас бэлтгэн явуулсан. Бид энэ дагуу тохижилтыг хийж байна. Наймдугаар сард багтаан хүлээлгэн өгөхийг зорьж байгаа. Тохижилт хийсний дараа Анкара хотод очсон мэт сэтгэгдэл төрөх байх гэж найдаж байна. Ингэхийн тулд яг Анкарад байдаг гэрэлтүүлэг, явган хүний замын хавтанг авч ирсэн” гэсэн юм.
Энэхүү хавтан нь их онцлогтой. Манай хотын хувьд өвлийн улиралд явган хүний зам хамгийн их эрсдэл дагуулдаг. Энэ тал дээр анхаарч, нэг бүр нь 118 килограммын жинтэй, гранит буюу боржин чулуун хавтанг сонгосон аж. Ингэснээр явган зорчигч хальтрахгүй байх боломж бүрдэж буй юм байна.
URL: