Хятад эзний Монгол “НОХОД”
Монголчууд “Эх орондоо эзэн шиг амьдарцагаая” гэж дээр, дооргүй “чалчих” дуртай. Гэтэл үнэндээ эх орондоо ноход шиг амьдарч байгаагийн нэгэн жишээ Чингэлтэй дүүргийн I хороо хоёрдугаар дөчин мянгатын 40, 41 дүгээр байрны дэргэд үүссэн газрын маргаанаас харагдана. Маргаан үүсээд тав хонож, мэдээллийн хэрэгслэлээр учир начрыг нь ярьж хэлж, Монгол Улсын мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн “Барилгын газар шорооны ажлыг түр зогсоох тухай” акт гарчихаад байхад үл тоомсорлож байгаагийн цаад учир нь “Зуншин” компанийн Хятад нууц ноёнтны эх орны минь хуулийг уландаа гишгэж, эзэн биднийг басамжилж буйгийнх гэж тус байрны оршин суугчид аргаа барсан янзтай хэлж буй.
Гэтэл монгол түмний бахархал болсон, олон жилийн турш хайрлан хүндэтгэж ирсэн бөхчүүд 150 мянган төгрөгийн төлөө нутаг нэгтнийхээ өөдөөс олзонд улайрсан чоно шиг ярдаглаж “Бие, бяр байхад ухаанаар яадаг юм бэ” хэмээн оршин суугчдын өөдөөс хэлээ гарган, эмэгтэй, эрэгтэй гэлгүй өргөж шиддэг инээдэмтэй түүхийг сонсоод газар дээр нь очиж үзэх хүсэл төрөв. Нэг талаас эх оронч сэтгэл дэвэрсэн, нөгөө талаас хэргийн бодит үнэнийг өөрийн биеэр үзмээр санагдсан хэрэг.
Ард кино театраас хойш замын баруун талд, “Худалдаа хөгжлийн банк”-ны урд 40 дүгээр байранд тулган саарал төмөр хашаа барьжээ. Биднийг очиход бөөн хүн цуглачихсан зарим нэг телевиз, сониныхон ирсэн байв. Учрыг асуувал Нийслэлийн газрын албаны хэвлэлийн төлөөлөгч Г.Ганчимэг “Бид “Хашаа-4” арга хэмжээний хүрээнд иргэдийн санал гомдлын дагуу барилга барих зөвшөөрөлгүй газар шорооны ажил эхлүүлсэн компанийн үйл ажиллагааг зогсоох ажил зохион байгуулж байна. Манайхаас энэ арга хэмжээний хүрээнд дөрвөн жилийн турш нийт 130 мянган метр квадрат буюу 13 га газрыг чөлөөлж тохижилтын ажил хийсэн. Орой хүнд даацын машин явах цаг болоход бид энэ газрын шороог тэгшилнэ” гэснээс илүү зүйл ярьсангүй. Үүний дараа Чингэлтэй дүүргийн газрын албаны газар зохион байгуулагч Б.Энхтөр мөн л ийм ерөнхий зүйлийг ярив.
Гэтэл хэн гэгч эрхтэн дархтан нь явган хүний замыг дур мэдэн дээрэмдэж, мань мэт нь машинтай зам булаацалдаж байдаг билээ гэдэг сонин байв. Тэгж байтал нэг эмэгтэй дэргэд ирж “Хашааг хураах зөвшөөрлийн бичиг чинь хаана байна” гэж намайг алгадах шахав. Айсандаа юу ч хэлж чадсангүй. Өнөөх эмэгтэй “Захирлууд одоо ирж яваа” гэж сүрдүүлэх, сануулах хоёрын аль болох нь мэдэгдэхгүй хэлэв. Ингээд хашаан доторх ухсан газрыг харж үзэн, наагуур цаагуур алхаж явтал гэнэт бөөн хэрүүл уруул дэгдэх нь тэр.
Харвал саяын мэдээлэл өгч байсан Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулагчийг хар шилтэй нөхөр хүүхэд шиг зогсоочихсан загнаж байна. Хар шилт “Хөөш чи нааш ир Бармагнай. Та нар яах гээд байгаа юм бэ. Шаардах хуудсаа өгчихөөд наад хашаа хороогоо нураа. Барилга барьж болохгүй гэсэн акт өгсөн болохоос газар авч болохгүй гэсэн юм хаана байна. Та нарыг үйл ажиллагаагаа зогсоо гэхээр бид зогсоосон байгаа” гэв. Газрын албаныхнаас хэн нэгэн нь “Бид үүргээ л гүйцэтгэж байна.
Ажлаа хийж байна” гэхээс өөр юу ч хэлэхгүй бүлхи залгисан юм шиг таг дуугүй зогсоно. Харин нэгэн эмэгтэй “Та нар шөнө болохоор ажиллаад байгаа биз дээ” гэлээ. Гэтэл хар шилт өнөөх эмэгтэйг “Хашааг нурааснаас болж нүх рүү хүн унах юм уу ямар нэгэн асуудал гарах юм бол хариуцах юм уу. Чи хариуцаж чадахгүй” хэмээн дээрэнгүй хэлж байгааг нь харвал түүний сайн хийдэг ажил нь хүн загнах бололтой. Эмэгтэй ч хоржооноо тавьсангүй. “Чадна. Бид нар шөнөжин жижүүрлэж хононо” гэсэн юм. Баахан загнаж зүрх нь хөөрсөн хар шилтийг хэн нэгэн дуудан, тэд явлаа.
Ж.Нэргүй: Иргэний дайн дэгдэхээс наагуур юм болж байна
Үүний дараа саяын маргалдаж байсан эмэгтэйтэй ярилцав. Түүнийг Ж.Нэргүй гэдэг бөгөөд “Бат холбоо 40” СӨХ-ны гүйцэтгэх захирал гэнэ.
Энд яг ямар барилга баригдах гээд байгаа юм бэ?
40, 41 дүгээр байрны дунд “Юнайтед бизнес” компанийн захиалгаар доороо зоорьтой, 12 давхар барилга баригдах гээд байгаа. Барилгын ажлын гүйцэтгэгчээр Хятад эзэнтэй “Зуншин” гэдэг компани ажиллах юм гэсэн.
Барилга барихыг нь яагаад эсэргүүцээд байгаа юм бэ?
Манай энэ хавийн байрнууд 50 оны үед баригдсан хуучирсан, зарим газраа цууралт өгсөн барилга. Хот төлөвлөлтөд хамгийн түрүүн нураах шаардлагатай барилгуудын тоонд орсон, хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт ч гарсан байдаг. Нэгдүгээр давхруудыг нь үйл ажиллагаа явуулах зорилгоор даацын ханыг нь нураасан. Гэтэл баригдах гэж буй барилгын зураг төслийг харахад бараг 1 метр зайтай баригдах юм шиг байгаа юм. Ингэхлээр нэгдүгээрт, байрны сууринд нөлөөлж, хөрс нь сулрах аюултай байгаа юм. Хоёрдугаарт, байрны оршин суугчдын цонхыг таглаж нар, салхи үзэхгүй болгох гээд байна. Эдгээр иргэдийн эрх зөрчигдөж байна шүү дээ.
Газар шорооны ажил хэзээ эхэлсэн юм бэ?
Энэ сарын 21-22-нд шилжих шөнө газар ухаж хашаа барьсан. Байрны оршин суугчид энд барилга бариулахгүй гэж шөнө газраа манаж хонож байна. Бараг таван шөнө маналаа. Жаахан холдохоор л хундаамаа цутгачих гээд байна. Уг нь өөрийгээ энэ компанийн гүйцэтгэх захирал гээд байсан Бархүү гэдэг залуу “Танай байр үнэхээр хуучин юм байна. Барилга барихаа болилоо” гэж байснаа гэнэт ингээд хашаа баричихсан.
Зөвшөөрөл олгосон юм болов уу?
Бид нарт зөвшөөрлөө өвчихсан гээд байгаа. 22-нд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газар 2012 оны арванхоёрдугаар сарын 20-ныг хүртэл барилга барьж болно гэсэн зөвшөөрлийн бичиг барьчихсан явж байсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч Ц.Цэнгэл гэдэг хүний гарын үсэгтэй байсан.
Тэгвэл зөвшөөрөлтэй юм байна шүү дээ?
Манай “Бат холбоо 40” СӨХ болон оршин суугчдын гомдлын дагуу Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Хангай 23-ны өдөр үйл ажиллагаагаа зогсоох акт тогтоосон. Тэгээд л хашааг нь буулгах ажил хийж байна
Танд ямар нэгэн заналхийлэх байдал гарах юм биш биз дээ. Саяын байдлаар тэгж бодогдохоор байлаа?
Бид нар зодуулсан шүү дээ. Аргаа бараад дүүргийн цагдаа нарыг дуудаж, ажлыг нь хийлгэхгүй сууна. Цагдаагийнхан л ирэхгүй бол бид дийлэхгүй байна. Нийслэлийн газрын албанаас Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст энэ асуудлыг анхаарах утгатай бичиг хүргүүлсэн гэсэн. Иргэний дайн дэгдэхээс наагуур юм болж байна гэлээ.
Д.Отгонбаяр: Бид шоронд байгаа юм шиг амьдрах болж байна уу
Энэ үеэр байрны оршин суугчид бөөгнөрөн энэ тэрийг ярилцаж байв. Тэдний нэг 40 дүгээр байрны оршин суугч Д.Отгонбаяртай уулзсан юм.
Энд байгаа хүмүүс бүгд оршин суугчид уу?
Зарим нь цагдаа нар. Биднийг хамгаалах хүн байхгүй бол хүч мөхөсдөөд байна шүү дээ.
Таны зүгээс энд барилга баригдвал ямар хүндрэл гарна гэж үзэж байгаа вэ?
Барилга муудснаас гадна энэ хавьд машин тавих газар байхгүй болно. Бид энэ зайгаар л орж гардаг болохоор таглачих юм бол хаагуураа явах вэ. Шоронд байгаа юм шиг л амьдрах юм байна.
Оршин суугчдын зарим нь зодуулсан гэж байсан. Ямар хүмүүс нь тийм зүйл хийх юм?
Хятад эзэнтэй гээд байгаа барилгын ажлыг гүйцэтгэгч “Зуншин” гэдэг компанийнхан. Хамгаалагчид гэж хулгар чихтэй, том биетэй бөхчүүд байгаа. Биднийг газраа манаад байж байхад хүчээр түлхээд, шахаад унагачихаж байгаа юм. Тэдний дунд Улсын начин Олзгэрэл гэдэг залуу байгаа. Тэднийг бид яаж дийлэх вэ дээ.
Цагдаа нар зогсоож чадаж байна уу?
Цагдаа нараас гадна манай дүүрэгт нэр дэвшсэн Д.Сайнбаяр гэдэг залууд бид хандсан юм. Тэгсэн “Хөх монгол” гэдэг бүлгэмийн залуусыг биднийг хамгаалуулахаар явуулсан. Бид тэднийг тэмдэг зүүсэн, гажууд нөхдүүд гэж бодож байсан чинь зөв бодолтой, зөв юм хийж буй залуус гэдгийг нь амьдрал дээр харлаа. Маш их баярласан гэв.
Бидний дэргэд оршин суугчид цуглаж санаа оноогоо ам булаалдан хэлж байх үеэр өнөөх надаас бичиг шаарддаг эмэгтэй зураг дарж байв. Бүр минйи зургийг хүртэл дарах юм. Сүрдүүлэг, ажил аль нь болохыг ойлгосонгүй. Гэтэл оршин суугчдын нэг “Энэ эмэгтэй угаас янз бүрийн муу юм зохион байгуулж үймээн дэгдээхдээ гаргууд. Залуусыг хооронд нь зодолдуулдаг аймаар эмэгтэй” гэлээ.
Энэ бүхний дараа эх орныхоо газар шороог харийнханд алдаж дууслаа гэсэн үгийг өдөр болгон сонсч байдаг атлаа хоолоо булаацалдах ноход шиг юунд ийм увиагүй загнадаг юм бол гэж бухимдмаар санагдлаа. Эх орондоо алгын чинээ газраа булаацалдан урцалддаг хэрнээ харийнханд хайр найргүй сэндийчүүлэн, нөхөн сэргээхийг ч шаарддаггүй арчаагүй гэмээр монгол араншинг яалтай билээ. “Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино” гэгчээр бөхчүүдийн нэрийг баастсан залуусыг зэмлэмээр.
“Тэд газрын маргаантай байгаа энд тэнд очиж хөлсөөр ажилладаг. Хөлсөнд нь 150-200 мянган төгрөг авдаг” гэж бусдын амнаас сонссон ч монгол бөхийн жудаг ингэж муудсанд итгэмээргүй байлаа. Үнэхээр л ийм зүйл хийж явдаг бол эх орондоо ядуу амьдарч байсан ч хар Хятадын “хоточ нохой” бүү болооч бөхчүүд минь.
Эх сурвалж: Өдрийн шуудан
URL: