АРХИ хийгээд ХҮН ЧАНАР
-Ёстой тамтай амьдрал юм аа. Ямар үйлийн үрээр би ингэж зовно вэ?
Архи уулгахгүй гэж гэртээ хориод ч дийлэлгүй, гэрээсээ зугатааж гарсан хэн нэгний хойноос ийнхүү арга нь барагдан үглэнэ. Амар тайван амьдралтай гэрээсээ ийнхүү дайжиж, амаргүй бохир заваан ертөнц рүү зүтгэн тэмүүлэхийн учир мөнөөх л архи хэмээх гашуун ундааны “ид шид”.
-Яршигтай юм, наад нэг юмаа зүгээр л зөнгөөр нь орхичихооч дээ
-Өрөвдөөд байх юм аа, уг нь уухгүй байхдаа ямар сайн хүн гээч. Гайтай энэ усыг уухаараа л хүнээ байж орхих юм. Үнэхээр хэцүү байнаа.
Архи уугаагүй эрүүл саруул байхдаа сайн аав, халамжит хань байсан тэрээр архи уугаад л арчаагүй адгуусны төрхөнд хувилж орхих.
Эелдэг даруу төрх нь инээд алдсан сармагчингийн марзан төрхөөр солигдож, энхрий ялдамхан хэлж байсан хайрын үгс нь элдэв муухай хараал зүхлээр солигдож орхих нь хэрээ мэт, сэгсийсэн үс, улаан нүд , ус гүйлэгнэж тогтохоо больсон харц, салбарсан хувцас, шаварт хутгалдсан мэт, хөл дээрээ тогтож ядах төрх нь гахай мэт. Нэгэн сайхан хүмүүний ялдамхан төрхийг олон янзын адгуусны төрхөнд хувилах “их шид ” нь мөнөөх л гашуун ус.
-Одоо хаана юу хийж явдаг юм бол доо, Хэрээ мэдэхгүй салбаганаж байж үхчих вий дээ, Архи гэдэг гайтай ундаанаас гаргаж чаддаг бол урьдын адил амар амгалан амьдрах юм сан даа. Хэцүү хорвоо вэ?
Түнэр харанхүй нөмөрсөн аймшигт шөнийн уртад сэтгэл зүрх хэгхийлгэн шаналах бодлын урт хэлхээс, санаа алдан шаналах тарчлаантай хамтад сүлэлдэнэ. Сэтгэл түгшин хүлээсэн шөнө ямар ч урт билээ, Хөлийн чимээ чагнан, алсын чимээг анирдана. Бодол хэлхэж, нойр хулжина. Харанхуй нөмөрсөн энэ л шөнийн уртад энэ ертөнцөд юу эс болох билээ. Сэтгэл түгшээж, итгэл хугалсан олон муу үйлдлүүд шөнийн харанхуйд болдог. Аллага, хүчирхийлэл, бэртэл гэмтэл, золгүй тохиол бүхэн ихэвчлэн шөнө болно. Үргэлжийн сэтгэлийн шаналгаа, айдас ичгүүр дагуулсан шөнүүд.
…Өдгөө Монгол оронд минь өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа архидалт, согтуурал, хөлчүүрэл нь ямар олон гэр бүлийг тарчлаан шаналалд унаган, амьдралыг нь там болгон хувиргаж байна вэ? Ямар олон бүсгүйчүүдийн нулимс урсаж, сэтгэлийнхээ чанадад цөхрөнгөө баран “дуу алдаж” байна вэ? Ямар олон хүүхдүүдийн бяцхан зүрх нь айсандаа хүчтэй цохилж, дотор сэтгэлдээ “ичиж” шаналж байна вэ? Бидний ирээдүй болсон олон сайхан залуус архинд согтож, сархадад хөлчүүрч, амьдралын аз жаргалтай байж болох мөчүүдээ мансуурал дунд өнгөрөөж байна вэ? Бид нээрээ ямар их баяр тэмдэглэж, ямар ихээр уун согтоцгоож байна вэ? Энэ л олон мансуурал дунд монголчууд бидний ХҮН ЧАНАР архинд уусаж байгааг бид анзаарахгүй байна гэж үү?
АРХИНД ууссан ХҮН ЧАНАР
…Хүмүүс бид энэ ертөнцөд анх мэндлээд л эхийн сүүгээр амалдаг.Эхийн сүүтэй хамтад тэр бяцхан зүрхэнд хайр урсан шингэдэг. Тэр хайран дунд бидний ХҮН ЧАНАР амилж байдаг. Хүн чанар бол биднийг төрүүлж, хөхөөрөө амлуулсан эхийн сүү юм. Тийм болохоор л монголчууд бид СҮҮ-г дээдэлж, түүгээр цацал өргөдөг, хол явахад тань заавал ерөөл хэлж сүү амсуулдаг, элдэв найр хурим, цагаан сараар эхлээд заавал сүү тойруулан барьдаг. Энэ бүхэн монголчууд биднийг хаа ч явсан, хэзээ ч байсан ХҮН ЧАНАР-аа хадгалж явахыг сануулсан бэлэгдэл.
Архи сүү хоёр бол огт өөр зүйл. Нэг нь цагаан өнгөтэй, нөгөө нь цэхэр өнгөтэй. Сүү уураглаг, тослог амттай бол архи хатуу, гашуун амттай. Сүүг хүн болгон амтархан уудаг бол архийг хэзээ ч нийтээрээ амтархан уудаггүй, Сүүний амтанд дотор зөөлөрдөг бол архинд хүмүүс согтдог. Хүн чанар шингэсэн сүүг бага ууж, хатуу сархадыг ихээр уух тусмаа бид хүн чанараа алдаж эхэлнэ. Өөрийгөө хянаж чадахаа больж бүр ихээр сархадад донтох аваас ХҮН ЧАНАР-аа бүр мөсөн алдаж адгууслаг төрөлд шилжинэ. Ууж байгаа хундага дарс болгон аажим аажмаар бидний хүн чанарыг уусган авч байдаг. Хүн чанараа алдаж орхих дор та хэн ч биш. Зүгээр л СҮГ болж хувирна. Ингэх нь монголчууд бидэнд хэрэгтэй гэж үү?
-Архийг согтох гэж уудаг
Ихэнхи хүмүүс архийг согтох гэж л уудаг. Тийм болохоор том хундаганд их хэмжээгээр хийж нэгэн амьсгаагаар татна. Дотор халамцаж согтох тусмаа бүр ихээр согтохыг хүснэ. Өмнөө байгаа шилтэй архийг бусдаас илүү уухыг л хүснэ. Хүн хүний гар дагуулж харна. Хэн нэгэн өөрөөс нь илүү уучих вий гэж хардана. Бүр ихээр согтох тусмаа дахиад л уухыг хүснэ. Архи дуусвал дахиад л “сэтгэнэ” олно. Уугаад л байна, уугаад л байна. Юу ярьж, юу хийж байгаагаа ч мэдэхгүй. Зөвхөн л уугаад байхыг л хүснэ. “Согтуу хүн сохор ухаантай” болохоор “тас” явтлаа их ч тэснэ. Гэхдээ л “сархад савнаасаа бусдыг дийлдэг” болохоор нэг л мэдэх дор заавал түүнд “ялагдах” тавилантай.
-Дандаа согтуу байх нь сэтгэлд амар
Амьдрал амаргүй л дээ. Хүн заавал хөдөлмөрлөж, өөрийнхөө болон гэр бүлийнхээ өмнө тулгарсан олон асуудлыг шийдэхийн тулд ямагт “толгой ажиллаж” байх учиртай. Бас бусадтай харилцаж, ойлголцож хамтдаа олон асуудлыг шийддэг. Мөнгө олохын тулд ажиллах ёстой. Харин байнга согтуу байх тусам ингэж чадахгүй. Энэ ертөнцийг мансуурсан нүдээр харж, элдэв асуудал болгонд согтуу ухаанаар хандаад байвал түүнд хэн ч итгэж найдахгүй. Тэгээд л түүний өмнөөс бусад нь “ажиллаж” эхэлдэг. Түүний өмнөөс бүх зүйлийг шийдээд байвал бүр ч амар. Сайндаа загнана, хараана биз. Харин тэрээр өөрийгөө зовоохгүй. Түүнгүйгээр бүх юм болж байгаа болохоор ядаж л уух архиныхаа үнийг яаж олохоо мэднэ.
-Түүнд хэн ч итгэхгүй
Хүмүүс түүнд итгэхгүй байх тусам бүр ч амар. Нэгэнт л итгэхгүй юм чинь муу юм бүхнийг хийх боломж нь олдож байгаа хэрэг. Архиныхаа мөнгийг олохын тулд гэрээсээ “хулгай” хийнэ. Найз нөхөддөө худлаа хэлнэ. Элдэв шалтгаан, зовлон тоочиж хэн нэгнийг “аргална”. Ингэлээ гээд хэн ч түүнийг шийтгэхгүй, харин “согтуу толгой” хэмээн үзэн ядах болно. Энэ нь бүр ч амар. Архи уухад сайхан шалтаг. Архи уугаад согтохдоо “хэн ч надад итгэдэггүй, хэн ч намайг тоодоггүй, намайг хүн ч гэж үздэггүй” хэмээн “гомдоллох авч сэтгэлдээ жаахан баяртай. Учир нь хэн ч түүнийг хориглохгүй, хэн ч түүнийг тоохгүй байх тусам уух “эрх чөлөө” улам ихээр олдож байгаа хэрэг. “Нэгэнт би дүүрчихсэн хүн, яадаг юм бэ?” гэж нэгэн согтуудаа гайхуулавч “үхэж болохгүй” гэдгээ муухан мэднэ.
-Өөрийгөө өрөвдөхүй
Архинд бүр ихээр донтож, гэр орноосоо дайжиж, хүмүүсийн итгэл найдвар, хүсэл зоригийг унтраах тусмаа улам ихээр өөрийгөө өрөвдөн, бусдаар тэгж өрөвдүүлэхийг хүснэ. Зөвхөн өөрийгөө өрөвдөх тэрээр бусдыг хэзээ ч өрөвдөхгүй. Өөрийнх төлөө сэтгэл нь шаналж, өдөр шөнөгүй сэм харуулдан хүлээх эхнэрээ өрөвдөхгүй. Нулимсыг нь огт тоохгүй. Архичин аавтайдаа найзуудаасаа ичиж, ичсэн сэтгэлдээ ганцаардаж байгаа хүүхдүүдээ өрөвдөхгүй. “За тэгж байгаад надгүй болоод л явна биз. Харин төрүүлсэн эцэг нь би мөн л юм даг. Ухаантай бол хожим харж хандвал хандана биз, үгүй бол тэр л биз” хэмээн согтсон сэтгэлдээ өөртэйгээ хуучилна. Өөрийгөө тасдан байж төрүүлчихээд өдий болтол өөрийнх нь төлөө шаналж “шар махтайгаа хатаж яваа” ээжийжээ өрөвдөхгүй. “Дэргэд нь байж их зовоосноос харагдахгүй байж бага зовоосон нь дээр” гэж хэрдээ халамцуу ухаандаа “онолдоно”. “Биеийг нь төрүүлснээс ухааныг төрүүлж чадаагүй” дээ харамссан эхийн сэтгэлийг тэрээр энэ насандаа ч ойлгохгүй.
-Тэрээр ямагт худлаа ярина
Сайхан сэтгэлээр өөрт нь хандан учирлах хүн болгонд худлаа ярина, худлаа амална. “За сүртэй юм бэ? Би ч тэгтлээ архинд орж алингаа алдчихсан хүн биш ээ” гэж өөрийгөө өмөөрнө. “Би чинь бас ч хүн шүү дээ, өөрийгөө мэдэлгүй яах вэ? Тааруулж уугаад л явж байна” хэмээн учирлана. “Больё гэвэл болино шүүдээ. Гэхдээ одоо амьдрал жаахан хэцүү байгаа болохоор сэтгэлээ тайтгаруулах гэж ууж байна. Асуудлаа шийдээд л болино доо” гэж учирлана. Гэхдээ л хэзээ ч хэлсэндээ хүрэхгүй. Уух хүсэл, учирлах шалтагтай холилдоно. Хэмжээ хязгаараа давахаар цагаандаа гарч хэнэг ч үгүй худлаа хэлдэг болно. Байнга учирлах нэгнээс төвөгшөөнө. Залхаж дургүйцнэ. Эцсийн эцэст ганцаараа л үлддэг.
…Бидний эргэн тойрон дахь дүр зургууд иймэрхүү. Хичнээн олон авьяас онгод, хичнээн сайхан идэр жавхаалаг бие, гоо сайхан, хичнээн сайхан омогшил, эрч хүч энэ архин дунд уусав даа. Тэр нэгэн цагт жинхэнэ ХҮН байсан тэрээр сархадад толгойгоо мэдүүлсээр АМЬТАН болж дуусав. Бид харж халагласаар юу ч хийж үл чадна. Алдар нэр, авьяас онгодод бахархсан сэтгэлдээ архи барьж дайлж гүйсээр бид ч тэдний энэ эмгэнэлд нэмэр болсон. Гэхдээ л эцсийн эцэст тэдний сэтгэлийн тэнхээгүй арчаагүй дорой зан л тэднийг ийнхүү дуусгаж байна.
УЧИРЛАЛ
Монголчууд бид бие биенээ багагүй муулдаг, өөрсдийгөө өмөөрдөг. Ингэж бичихээр намайг ч бас хараадаг. Аугаа түүхтэй ард түмний үр сад бид, өнөөдрийн аугаа боломжин дунд ч энэ сэтгэхүйтэйгээ зууралдсаар. Биднийг мансуурч байх хооронд баялгийг минь харьд хямдаар арилжиж байна. Биднийг уух дуртай болохоор сонгуульд нэр дэвшигчид архи тарааж байна. Биднийг согтох дуртай болохоор хатуу градустай архиудыг олноор нь үйлдвэрлэн экспортолж байна. Биднийг согтуудаа солиорч “Чингисийн үр сад” гэж цээжээ дэлдэн агсамнадаг болохоор их хаадын дүрийг архины шилэн дээр нь “залж” тохуурхаж байна.
Архи архидалтаас залхсан олон хүмүүс ТӨР-ийг хараадаг. Архидалтаа багасгах асуудлыг төрийн хууль хэзээ ч бүрэн хэмжээгээр зохицуулж байсангүй. Харин бид өөрсдөө л зохицуулах учиртай. Бид халаглаж суухаар бага боловч өөрсдөө өөрчлөгдөх боломжууд байгаа.
1. Хүн бүр дор бүрнээ хичээж архины хэрэглээгээ таацуулж сурвал юутай сайн. Гэр бүл найз нөхдийн хүрээнд ярилцаж ойлголцож, бага багаар ч болов хэрэглээгээ таацуулахад бие биедээ нөлөөлж байх нь хэрэг болно.
2. Улаанбаатар хот болон төвлөрсөн суурин газруудад архи согтууруулах ундааны зүйлийг худалдах цэгийг цөөлж, өндөр хөгжилтэй орнууд шиг нэг цэгт төвлөрүүлэх нь хяналт болон үйлчилгээний соёлд сайнаар нөлөөлөх болно. \Энэ 8 нэрийн дэлгүүр гэдгээ болимоор болжээ\
3. Монголд үйлдвэрлэж байгаа архи болон согтууруулах ундаа, спиртийн үйлдвэрлэлдээ хяналт тавьж зохист харьцаанд оруулмаар. Яг үнэндээ Монголд энэ төрлийн үйлдвэрлэл үйлчилгээ хамгийн ашигтай бизнест тооцогдож байгаад ч анхаарлаа хандуулмаар.
4. Монголын их хаад болон бидний үндэсний бахархал болсон Соёмбо, Гэрэгэ зэргийг архи согтууруулах ундааны нэршилд ашиглахаас татгалзаж, энэ асуудлыг хуульчлан зохицуулж болно.
5. Архи согтууруулах ундааны соёлтой хэрэглээ болон хор уршиг, муу нөлөөний талаар хэвлэл мэдээллийн хэргслэлээр байнга сурталчилж, энэ талаар цэгцтэй ойлголт өгөхийн тулд дунд болон ахлах сургуулиудад зааж сургамаар. Тэр тусмаа насанд хүрээгүй хүүхэд залуусын хувьд онцгой анхаарлаа хандуулах хэрэгтэй болж байна.
гэхчилэн нийтээрээ шийдэж болох олон асуудал байгаа. Дэвжин хөгжих тавилантай монголчууд бидний хувьд энэ бол анхаарч засахгүй байхын аргагүй асуудал бол мөн. Алийн болгон мансууран хөлчүүрч, согтууран солиорч явах билээ. Удам гарвалаа бодсон ч , уужим саруул ухаанаа бодсон ч, урагшилж хөгжих боломжоо бодсон ч, өөдлөн дэвжих заяагаа санасан ч монголчууд бид эрүүл саруул ухаантай байх учиртай.
“САРХАД САВНААСАА БУСДЫГ ДИЙЛДЭГ” гэдэг билээ. ”ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШДОГ”
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
URL: