Интернет хяналтгүй орчин биш
Монгол улсад интернетийн үйлчилгээг нэвтрүүлснээс хойш 15 жилийн хугацаа өнгөрчээ. Өдгөө Монгол улсад 50000 хүн интернетийг өдөр бүр, 100000 хүн тогтмол бусаар ашиглаж байна. Энэ тоо цаашид ч тогтмол өсөх нь тодорхой. Бид интернетийн ашигласнаар дэлхийн бөмбөрцөгийг тойрон хөвж буй тэрбум тэрбум мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран ашиглаж болдог. Интернет маш их сайн тал байдаг атлаа, бас тийм хэмжээний сул талтай. Монгол улсад өдөр бүр өсөн нэмэгдэж буй интернет хэрэглэгчдийн гаргадаг түгээмэл алдаа нь интернетийг ямар ч хяналтгүй орчин гэсэн ойлголт юм. Тиймээс ч интернетийг бусдын нэр хүндэд халдах, доромлох зэрэг гаж буруу аргад ашигладаг. Тухайлбал хоёр жилийн өмнө Увс аймгийн харьяат эмэгтэй hi5 сайтад бусдын зургийг оруулан биеэ худалдана, би янхан болсон хэмээн бичиж бусдын нэр хүндийг хохироосныхоо төлөө баригдаж шийтгэл хүлээж байсан. Мөн сайтын сэтгэгдлээр дамжуулан бусдыг гүтгэх, нэр хүндэд нь онц хохирол учруулахуйц мэдээллийг манайхан ихээр цацдаг. Манайхан дурын интернет кафед орж ийш тийшээ харж байгаад өөрийг нь хүн хараагүй байх л юм бол хэзээ ч баригдахгүй гэж ташаа ойлгон бусдын нэр хүндэд халдсан мэдээллээ эрээ цээргүй цацаж эхэлдэг. Харамсалтай тэдгээр хүмүүс хууль бус үйлдэл хийснийхээ төлөө баригдана илчлэгдэнэ гэдгээ мэддэггүй. Долоохон хоногийн өмнө Хятадын тусгай ажилчид 460 хакерыг илрүүлэн баривчилсан. Интернетийн сүлжээг ашиглан улсынхаа маш нууцын зэрэглэлтэй мэдээллийг хулгайлах оролдлого хийсэн тэдгээр хакерууд мэдээж аюулгүй байдлаа хангах үүднээс өөрсдийгөө дээд зэргээр, бидний төсөөлж чадахаас ч хол илүүгээр нууцалсан атлаа л илчлэгдсэн. Тэгэхээр интернет ертөнцөөр аялж буй танд Монгол Улсын үндсэн хууль заасны дагуу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, бусдыг шүүмжилж болно харин бусдын нэр хүндэд онц хохирол учруулахуйц гүтгэлэгийн чанартай мессеж илгээж болохгүй гэж зөвлөх байна.
URL: