Ерөнхийлөгчийн бодлогыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн хамт УИХ-ын дарга З.Энхболдод зургаа дахь удаагийн парламентын спикерээр сонгогдсонтой нь холбогдуулан өнөөдөр баяр хүргэлээ.
Тэрээр З.Энхболдод алд цэнхэр хадаг, идээний дээж бүхий мөнгөн аяга өргөн барьж, “Залуу, эрч хүчтэй, баялаг туршлагатай хүн УИХ-ын даргаар сонгогдсонд баяр хүргэе. Ажлын амжилт хүсч, эрүүл энх, хамгийн сайн сайхныг ерөөе” гэв.
Дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга УИХ-ын даргатай ярилцахдаа “Ирэх дөрвөн жил Монгол Улсын эдийн засагт томоохон өөрчлөлтийг авчирна гэж найдаж байна. Энэ өөрчлөлтийн үр шимийг хүн арддаа хүртээмжтэй болгох хэрэгтэй юм. Үүний тулд шударга ёсыг нийгэмд хэвшүүлэх нь нэн чухал байна. Монгол Улсын Ерөнхийлөгч шударга ёсыг тогтоох үүднээс шүүх эрх мэдлийн шинэчлэл хийхэд ихээхэн анхаарч ирлээ. Энэ хүрээнд шүүхийн багц хууль өргөн барьж зургааг нь батлуулаад байгаа бөгөөд тэдгээрийг 2013 оны нэг, долдугаар сараас мөрдөж эхэлнэ. Эдгээрээс гадна нийгэм, эдийн засгийн хөгжилтэй холбоотой хэд хэдэн хуулийн төсөл бэлэн болоод байгаа. Заримыг нь ч өргөн барьсан. Монгол Улсын Их Хурал сайн уламжлалаа үргэлжлүүлэн Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна. Ерөнхийлөгчийн институц, Улсын Их Хурал хоёр аль болох харилцан бие биеэ дэмжиж ажиллах нь нийгэмд эерэг үр дүнг авчрах байх. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч хориг маш бага тавьж ирсэн” хэмээн хэллээ.
УИХ-ын дарга З.Энхболд “Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж ажиллах болно. УИХ-ын гишүүн байхдаа ч би шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд зарим хуулийн төслийн боловсруулалтад оролцож ажиллаж байсан. Шүүх эрх мэдлийн шинэчлэл гэдэг тийм амархан хурдан хийчих зүйл биш ээ. Тийм болохоор батлагдсан шүүхийн багц хуулиудын хэрэгжиж эхлэх хугацаа жил гаруй хүлээгдэхээр тусгагдсан байгаа. Энэ хугацаанд бэлтгэлийг нь хангах ёстой. Ер нь шүүхийн шинэтгэлийг Ерөнхийлөгч, УИХ хамтран хийх учиртай” гэв.
Тэрээр Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулан өргөн барьсан, яаралтай хэлэлцэх шаардлагатай хуулийн төслийн талаар Тамгын газрын даргаас лавлахад П.Цагаан шүүхийн багц хууль хэрэгжихтэй холбоотой Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл хүлээгдэж байгааг дурдаад Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулж боловсруулж байгаатайгаа уялдуулан энэ салбарын зарим хуулийн төсөл, тухайлбал Газрын хэвлийн, Усны, Ураны хуулийн төслүүдийг боловсруулж буйгаа дуулгалаа.
Эх сурвалж: www.president.mn
URL: