Авлигын хэргүүд “амралт”-аа авчихжээ

Албан байгууллагууд “амралт”-аа аваад Улаанбаатарт урагшлах ажил гэж алга. Ээлжийн амралт нэрийдлээр эрүүгийн хэргүүд ч сунжирлаа. Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан Засаг ноёдын хэрэг замхрах шатандаа орж сонгуулийн дуулианаар сугарч үлдэв бололтой. Аймгуудын Засаг дарга нарын хэрэг эхнээсээ шийдэгдэж эрүүгийн хуулиар яллагдахад баярласан нэг нь Авлигатай тэмцэх газарт алд цэнхэр хадагтай очих дээрээ тулсан.

Гэтэл хэдхэн хүний хэргийг шийдсэн нэр зүүж үлдсэнийг нь өнөөх хуулийн цоорхойгоор үлдээчихэв үү.

Өдгөө Орхоны Засаг дарга Д.Оюунбат, Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр нар “аавын хаалга” татаж намын нөхөддөө найрлах боломжийг олгосон гэхэд хилсдэхгүй. Ингэж хэлэх нь учиртай. Авлигатай тэмцэх газарт азгүй нөхдүүд л намынхаа матаасаар шалгагдаж мааниа уншиж суудаг гэх хошин яриа ч бий.

Албан тушаалаа урвуулан ашиглаж, ард түмний хөрөнгөөс шамшигдуулсан гэх зүйл ангиар буруутгагдсан Засаг ноёд үүгээр дуусахгүй.

Тухайлбал, Налайхын Засаг дарга Б.Баяндэлгэр, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх, Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр, Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав, Булган аймгийн Засаг дарга М.Оюунбат, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг гээд Авлигатай тэмцэх газарт данслагдсан эрхмүүд зөндөө. Үүнээс гадна Нийслэлийн зарим дүүргийн Засаг дарга нар ч дуудагдаж байсан удаатай. Сүр дуулиантай Засаг ноёдыг ангуучилсан хэрэг сонгуулийн чимээнээр сураггүй болж эцэстээ “Энэ хэргийг хэрэгсэхгүй болголоо” хэмээн мулталчих вий дээ. Авлигын загалмайлсан эцгүүдийг “аавын хаалга” татуулаагүй цагт ард иргэд чинь авлига гэдэг үгийг маани мэгзэм шиг хэлэх байлгүй. Авлигатай тэмцэх газарт шалгагдаж эхэлсэн Засаг дарга нарын хэрэг жил дамнаж зарим нь хэдэн сараар сунжирч байгаа. Гэтэл шалгасан, шалгуулсан хоёрын хооронд хавтаст хэрэг нээсэн нэр зүүгээд авлигачдыг өөгшүүлээд байгаа юм биш үү.

Аль эсвэл амралтын улирал эхлэчихээр эрүүгийн хэргүүд ээлжийн амралтаа авчихдаг юм уу.

Б.Чанцал

”Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих