Н.Энхбаяр ч бас “хувьсгалт” нэрээ өөрчлөхөөр зориглож байсан

Намбарын Энхбаяр “Монгол ардын хувьсгалт нам” нэрийн төлөө МАН-аас зайгаа авч, зүгээр ч

холдсонгүй дайсагнаж, адаг сүүлд нь улс төрийн гуравдагч хүчнээр хүрээлүүлж байна. “Хувьсгалт” гэдэг үгнээс татгалзах ямар ч шалтгаан байхгүй гэдгийг нотлохоор Ху намын буурийг сахиж өөрөө дарга нь болсон түүний улс төрийн тэмцэл МАХНын нэрийг солихыг эсэргүүцсэнээр эхэлсэн бол одоо гуравдагчдын хамт засгийн эрхийн төлөө яахаас ч буцахааргүй шуударлаа.

Одоогоос 15 жилийн өмнө намынхаа нэрийн тухайд огт өөр үзэл бодолтой байжээ. МАХНын ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа 1996 оны арваннэгдүгээр сард манай сонины сэтгүүлч Б.Нацагдоржид өгсөн ярилцлагаас дор эш татъя. Сурв: МАХН гэсэн нэрийг гадаадад хэрхэн хүлээн авч байгаа вэ, ойрын үед МАХН нэрээ өөрчлөх үү? Н.Энхбаяр: Нэрийн тухайд бодох зүйл байна. Үнэнийг хэлэхэд гадаадад “хувьсгалт” гэдэг үгийг нийгмийн хөгжлийг хүчирхийллийн аргаар шийдэх явдал, ард түмнийг ангид хувааж, аль нэг анги бүлэг өөрийн диктатурыг тогтоох явдал гэсэн ойлголт хэвээр байна.

Манай намын гишүүдийн дотор ч ийм бодолтой хүн олон бий. Удахгүй болох МАХН-ын их хурал энэ асуудлыг зориг гарган шийднэ гэж бодож байгаа. “Зориг гарган шийднэ”. Н.Энхбаяр намынхаа нэрийн “хувьсгалт” гэдэг тодотголын талаарх ойлголтыг ийн тодорхойлоод, МАХН-ын их хурлаас зоригтой шийдвэр хүлээжээ. Тэр үед МАХНын нэрнээс “хувьсгалт”-ыг хасвал МАН үлдэх л байж. Гагцхүү тэрбээр тухайн үед лидер нь байж, өөрийнхөөрөө удирдан дагуулах нь тодорхой тул ийм өөрчлөлт хийхдээ сэтгэл хангалуун үлдэх л байж. Н.Энхбаярын цаг үед яг одоо өөрийг нь МАН жагсаалаас үдсэн шиг үйл явдлууд өрнөж байлаа.

Тэрбээр намынхаа өмнөх удирдлагууд болох Л.Түдэв, Б.Даш-Ёндон, Г.Очирбат нарыг хуучирсанд тооцож, МАХН-аас Ерөнхийлөгчөөр сонгогдсон Н.Багабандид улс төрийн дэмжлэг үзүүлэхээс татгалзсан он жилүүдийг МАХН туулсан. МАН Н.Энхбаярт өөрийнх нь “жийдэг” аргыг хэрэглэсэн боловч түүнд өмнөх лидерүүд шиг намынхаа  эв нэгдэл, нэр хүндийг хичээх зүтгэл төрсөнгүй. Н.Энхбаяр өөрийгөө МАН-ын өнөөгийн лидерүүдээс хамаагүй ухаантай, эрч хүчтэй, нэр хүндтэй гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байгааг түүний явуулж буй улс төрийн үйл явдлууд тодорхой харуулж байгаа юм. Тэр өөрийгөө жинхэнэ лидер хэвээр үлдэх ёстой гэж үзэж байгаа учраас С.Батболд, У.Хүрэлсүхийн бодлогыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа болов уу. Агуу ихийн солиорол өөрийнхөө хүчинд хэт итгэхээс эхэлдэг билээ. Хэрэв Ерөнхийлөгчийн сонгуульд унасан түүнийг намынх нь удирдлагууд тэвэрч тосоод, лидер гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн бол Н.Энхбаяр 1996 онд санаж бодсоноороо МАХН-ыг МАН болгох гээд зүтгэх байсан. Тэр тохиолдолд гуравдагч хүчний нэгдлийг Н.Энхбаяр удирдах шалтгаан үүсэхгүй байв.

Б.Энхцэцэг

mongolnews


URL:

Сэтгэгдэл бичих