Д.УРИАНХАЙ “МОДОД”-ТОЙГОО ДЭЛХИЙД ДАНСЛАГДАВ
Дэлхийн шилдэг яруу найрагчдын бүтээлээс дээжилсэн “Дэлхийн нэг шүлгийн ном”-д Монголын яруу найрагч Д.Урианхай гуайн нэг шүлэг багтжээ. Ази тивээс анх удаа монгол найрагчийн бүтээлийг багтаасан уг номыг гар аргаар боловсруулсан цаасан дээр гангаар барладгаараа онцлог юм байна. Уран бичлэгийн мастер Т.Жамъянсүрэн Францад үзэсгэлэнгээ гаргаж байхдаа эл номыг бүтээгчидтэй танилцаж, Монголын зохиолч, найрагчдын бүтээлээс танилцуулснаар Д.Урианхай гуайн “Модод”шүлэг ийнхүү дэлхийд данслагдах болсон гэнэ.
МОДОД
Навчсын чинь шуугиан чиний үг үү, салхины үг үү
Намрын сэтгэл гэгэлзүүлсэн аниргүй чинь чиний нам гүм үү, бараа нь тасарсан шувуудын орхисон орон зай юу
Намрын торомны ноос шиг өнгө чинь чиний өнгө үү, зэвэргэн борооны өнгө үү
Чи зовлон таньсан ухаант хүн шиг л дуугүй байх юм
Дуугүй үгийг чих сонсдоггүй,
Нүд, зүрх хоёр минь л сонсох юм
Чамтай ярихад хэцүү юм,чадахгүй байх тусмаа улам их хүсэх юм
Аливааг асуумаар санагдана
Асуусанд чи дуугарахгүй
Хүүхэд шиг, юу ч мэдэхгүй маанаг шиг, юм бүгдэд гэгээрсэн мэргэн шиг
Асуултад минь асуултаар л хариулах юм аа…
Ж.ЦЭЦЭГ
URL: