Музейд мөнхөрцгөөе…
АНУ-ын Вашингтоны Такома хотын түүхийн музей ирэх наймдугаар сард Д.Б.Куперийн нууц нь үл тайлагдах онгоц барьцаалсан гэмт хэргийн талаарх эд мөрийн зарим баримтыг дэлгэн тавих гэж байгаа аж. Купер нь 1971 оны арваннэгдүгээр сарын 24-нд АНУ-ын Портлэнд мужид нислэг үйлдэж байсан “Boeing-727” онгоцыг барьцаалан дээрэмдсэн нэлээд алдартай нөхөр гэнэ. Тэрбээр Вашингтоны баруун өмнөд хэсэгт тус онгоцыг барьцаалж, 200 мянган ам.доллар дээрэмдэн, онгоцноос шүхрээр доош буусан гэнэ.
Ингээд есөн жилийн дараа Хойд Америкийн Номхон далайн Колумб мөрнөөс түүний дээрэмдсэн мөнгөнөөс 20 мянган ам.доллар болон зарим эд мөрийн баримтыг цагдаа нар олжээ. Түүний онгоц барьцаалж их хэмжээний мөнгө дээрэмдсэн явдал нь XX зууны хамгийн дуулиант хэргүүдийн тоонд ордог аж. Монголчуудын хувьд ч мөн адил энэ мэт алдартай, ёстой л XX зууны манлай хэрэгт 90 саяын Гансүх орно. Тэрбээр энэ Купер нөхрөөс нэг их дутаад байхааргүй хүн. Энэ хоёроос ч алдартай луйварчин, дээрэмчин Монголд олон бий. Тэднийг нэрлээд байвал дуусахгүй биз. Авлигатай тэмцэх газраар дүүрэн алдартнууд байгаа. Тэдний үлдээснийг түүхийн дурсгалт үзвэр болговол дээр ч юм шиг. Түүхэнд мөнхрөөд л, төрдөө ч мөнхрөөд дажгүй ч юм шиг. Алдартай дээрэмчин, шилийн сайн эр болсон нь шийтгүүлж хохирдог түүх Монголд л байдаг. Гэтэл авлигын хэрэгтнүүд 200 мянган ам.доллараас илүү авлига өгчихөөд нотлогдоод, баригдаад баларч байхад түүхэнд мөнхөрч музейд залагдахгүй юм. Хойшид түүхэнд мөнхөрч үлдэх зүйл биш болохоор тэр биз.
Монголчууд иймэрхүү үйлдлийг дам ярьж өөгшүүлэхдээ сайн юм чинь хурдан нэрд гарах магадлал өндөр. За ингээд Купер, Гансүх хоёроос жишээлж амьдраад байж дээ, монголчууд аа. Муугаар биш, харин дурсгал болж үлдэж чадаж байна энэ Купер гэдэг нөхөр. Гансүх ч үүнээс дутахгүй дэлхийг биш юм аа гэхэд Монголыг шуугиулсан. Ингээд хэдүүлээ хэн нэгнийгээ луйвардаж нэрд гарцгаах уу. Эсвэл шүхэр аваад орон нутгийн онгоцноос үсэрч хэдэн зүйлээ хаяад музейд мөнхөрцгөөх үү.
Э.Баясгалан
URL: