Засаг дарга Д.Ганболд дур мэдэн газар булааж байна
Нэг үеэ бодвол газар олголтын явц хот байгуулалтын төлөвлөлттэйгөө уялдаж эмх цэгцэндээ орж байгаа ч зарим тохиолдолд хууль журмын дагуу олгогдсон газрыг хөндлөнгөөс төрийн нэрийг барьж дээрэмдэх үйл явц гаарч байна. Саяхны нэгэн жишээ гэвэл “Суурь элемент” ХХК-ийн эзэмшилд байгаа Нийслэлийн Засаг даргын 2002, 2006, 2012 оныг үргэлжлэн газар эзэмших эрх нь баталгаажсан газар дээр үүссэн маргаан юм.
Чингэлтэй дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт байрлалтай уг газар нь хөндлөнгөөс харвал хүүхдийн тоглоомын талбай байгуулах газрыг хамгаалсан иргэдийн тэмцэл мэтээр үнэмшигдэж байгаа ч бодит байдлыг ухаж үзвэл эрс өөр юм. Уг компанийн ажилчдын байраа барихаар зэхэж байгаа талбайн зэргэлдээ зүүн талын хэсэг талбайг Чингэлтэй дүүргийн зүгээс хүүхдийн цэцэрлэг байгуулахаар төлөвлөж ажлаа эхэлсэн ч дээрх компанийн талбайг үргэлжлүүлэн нэлэнхүйд нь хашаалж авснаар уг маргаан дэгдсэн байна. “Суурь элемент” ХХК хүүхдийн тоглоомын талбай байгуулах уг газраас хумсалж авах гэсэн хэрэг огтхон ч биш бөгөөд харин өөрийн эзэмшилд байгаа талбай дээрээ үйл ажиллагаа явуулах эрхээ боомилуулж эхэлсэн нь хачирхалтай.
Тус компанийн газар дээр зэргэлдээ барих тоглоомын талбайгаас ердөө нэг л саравчийг барихаар болгон харуулж өлгөсөн самбар дээр зурж даажигнажээ. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Нийслэлийн Засаг даргын захирамжтай, хотын ерөнхий төлөвлөлтөд орсон дээрх компанийн эзэмшлийн газар дээр дур мэдэн тендер зарласан нэрийдлээр тоглоомын талбай байгуулж эхэлсэн нь хачирхалтай. Засаг дарга Д.Ганболд “Би ард иргэдийнхээ хүсэлтээр л барьж байгуулж байгаа” гэсэн хариултыг компанийнханд өгсөн байна.
Уг тоглоомын талбайг байгуулах зардалд 100 гаруй сая төгрөг зарцуулж байгаа гэж мэдээлэгдсэн. Хэдэн хуванцар тоглоомын талбай бүхий нэг хашаа барихад хэчнээн зардал гарах вэ гэдгийг “ард түмний нэр барьдаг” даргын төсвийн хөрөнгө хэрхэн үрж зарж байгаагаас ч өнгөц харж болохоор байна. Компанийнхан тоглоомын талбайн хашаа барьж эхлэхэд өөрийн газар гэдгээ мэдэгдсээр байсан хэдий ч барьж байсан ажилчид нь дүүргийн Эрдэнэбат дарга л барь гээд байна гэсэн хариултыг өгч байсан аж. Сураглавал Эрдэнэбат нь Д.Ганболдын гарын хүн бөгөөд тус дүүргийн төрийн сангийн газрын даргаар ажиллаж байгаа нэгэн юм.
Д.Ганболд өмнө нь Нийслэлийн төрийн сангийн газрын дарга байсан бөгөөд тэр үеийн л шадар туслагч нь байсан аж. Инженерийн шугам сүлжээ бүхий газар Нийслэлийн Засаг даргын газар олголтын шийдвэр үйлчилдэг байтал Засаг дарга эрхэм ард иргэдийн нэрийг барьж дээд шатныхаа шийдвэрийн эерэг төрийн мөнгөөр ийнхүү тоглож сууна. Засаг дарга Д.Ганболд Чингэлтэй дүүргийн III хороо 24 дүгээр сургуулийн хашааны талбайгаас хуйслан дүүргийн ажилчдын байр нэртэй 10 гаруй давхар өндөр барилгыг сүндэрлүүлснийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж үзэх хэрэгтэй баймаар.
Мөн тус дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн тоглоомын талбай бүхий цэцэрлэгийг өрхийн эмнэлэг барина гэсэн нэрийдлээр анх буулгаж хаян оронд нь нэг давхар түр байр бариулсан байна. Засаг дарга Д.Ганболд ард иргэдийн нэр, ажилчдынхаа нэрийг барьж байгаагийн цаана түүний амин хувийн ашиг сонирхол үйлчилж байна гэж хэлэхээс өөр газаргүй. Бусдын эзэмшлийн газар гэдгийг мэдсээр байтал тэрхүү талбайд нь цэцэрлэгийн ганц саравч барих гэж зүтгэх нь түүний ард иргэдийнхээ төлөө зүтгэдэг хүн болж жүжиглэх хууран мэхлэлт болж таарч байна. Ер нь орон нутгийн хурган дарга нар төрийн хууль, дээд шатныхаа аливаа шийдвэрийг үл хүндэтгэн нугалаа үүсгэж ард иргэд, аж ахуйн нэгжийг чирэгдүүлдэгт цэг тавих болжээ.
www.medee.mn
URL: