Нэгдүгээр амаржих газар иргэдийн гомдлыг шийдвэрлэнэ

Иргэд эмнэлгийн байгууллагын ажилтнуудыг хээл хахууль авдаг, хүнд сурталтай гэх гомдлоо хаана, хэнд илэрхийлэхээ мэддэггүй. Тэгвэл Клиникийн нэгдүгээр амаржих газар ирэх сарын 1-нээс хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийнхээ санал гомдлыг албан ёсоор хүлээн авахаар болжээ. Өнгөрсөн жил Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмнэлгийн байгууллагууд дэргэдээ Ёс зүйн хороо байгуулж, ажил лагсдын болон иргэдээс ирсэн гомдлыг шийдвэрлэхээр болсон юм. Энэхүү Ёс зүйн хорооны гишүүдэд НИТХ-ын төлөөлөгчид, хуульч, эмч нар, бусад ажиглагчид багтдаг байна.

Тус амаржих газрын Ёс зүйн хорооны дарга Н.Бадрахаас энэ талаар тодруулахад “Ёс зүйн хорооны үйл ажиллагааг манайд эхлүүлэх үндсэн шийдвэр нь энэ сарын 5-нд батлагдсан. Тиймээс одоогоор төсөв, төлөвлөгөө, дотоод ажлаа хэрхэн явуулах талаар хэлэлцэж байна. Ирэх сараас эмнэлгийн хүлээн авах, эргэлтийн тасагт санал, хүсэлт, гомдлоо бичгээр илэрхийлэхээс гадна www. amarjih yos zuin horoo@yahoo.com гэсэн имэйлээр ирүүлэх боломжтой” гэсэн юм.

Тус хороо нь үйлчлүүлэгчдийнхээ ямар ч гомдлыг хүлээн авч, эмч ажиллагсдын талд гэхгүй хэний ч хараат бусаар тухайн асуудлыг шийдэх гэнэ.


Т.БУЯНАА


URL:

Сэтгэгдэл бичих