Шинжилгээний хариу хуурамч гэдгийг Хонгорынхон батлав
Алтанд шунасан харийнхны балагаар ард түмэн минь хохирсоор байх уу. Манай улсад хууль бус аргаар алт олборлогчид хэрээс хэтэрлээ. Тэд хууль зөрчөөд зогсохгүй химийн хорт бодисоор газар нутгийг минь талхалж байна.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэд мөнгөн ус, цианит натрид хордож амь нас, эрүүл мэндээрээ хохирч үлдсэнийг эргэн саная.
Хонгорын иргэд хордсон эсэхийг тогтоохоор мэргэжлийн байгууллагынхан бүгд ажилласан. Багаж техник хангалтгүй гэсэн шалтгаанаар ДЭМБ-д ч хандаж үзсэн. Хачирхалтай нь Хонгор сумынхныг “Хордоогүй ээ. Харин иргэд хамуу, тэмбүүгээр өвчилсөн болох нь тогтоогдлоо” гэсэн хүний санаанд оромгүй дүгнэлт гаргав.
Хүнээс нь гажигтэй хүүхэд, малаас нь үсгүй төл гарч, иргэдийн биеэр нь эрээн цоохор яр туурчихаад байхад ийм л дүгнэлт гаргасан. Мэргэжлийн хүмүүсийг мэдэмхийрлээ гэж хэлэх нь хаашаа юм. Шинжлэх ухааныг дэндүү сайн эзэмшсэн эмч нар хэн нэгний ятгалгаар ийм дүгнэлт гаргасан байх магадлалтай аж. Хонгор сумын иргэдийг хордсон гэх баталгаа үгүй болжээ.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр иргэдээс авсан шинжилгээний хариу, цианит натрид хордсон гэх баримтуудыг иргэн н.Дэмчигсүрэн дур мэдэн шатаасан байна. Тэрбээр нутгийн иргэдэд “Би бүх баримт нотолгоог шатаачихсан шүү” хэмээн хэлсэн байна. Энt талаар Хонгор сумын иргэн П.Одонгэрэл тодруулахад “Энэ үйлдэл нь хэн нэгний явуулга байж мэднэ.
Дэмчигээ ах бидэнтэй л хамт эрүүл мэндийнхээ төлөө тэмцэж явсан. Бидэнд байсан нотлох баримтуудыг бөөнд нь хадгалмаар байна гээд авсан юм. Гэтэл удалгүй шатаачихсан гэдгээ хэлсэн. Биднийг хордсон гэхэд хэн итгэх юм бэ. Сумын эмч нарт үзүүлэх гэхээр “хамуу, хамуу” гэхээ өөр үг хэлэхгүй. Үзсэн нэг нь тэр ч эмнэлэг сайн, энд ч сайн гээд явуулна. Хүмүүсийн гар хөл, дотор эрхтэн нь өвдлөө гээд эмнэлэгт очино. Биднийг хэн ч тоохгүй юм. Бодоод байхад бид өөрөө өөрсдийгөө л хохироосон юм шиг байна” гэлээ. Харин өөр нэг эх сурвалж шинжилгээний хариуг худал байсныг дурьдлаа.
Тэрбээр хэлэхдээ “Хонгор сумын асуудлыг хэн ч ярихгүй байгаад харамсч байна. Сүр дуулиан болж авсан шинжилгээний хариу худдаа зүйл байсныг нутгийн иргэн ярьсан. Энэ нь нотлох баримттай зүйл. Манайх хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалдаг учир нэрийг нь нууцлах учиртай. Хонгорын иргэдээс авсан шинжилгээний дээжийг гадаад руу явуулахдаа тусгай битүүмжилсэн хайрцагт хийж онгоцоор тээвэрлэх ёстой байсныг галт тэргээр авч явсан юм билээ.Үүгээр ч барахгүй шинжилгээ очих ёстой газартаа хүрээгүй, замаасаа буцаж ирсэн.
Ингэхдээ шинжилсэн болгож худлаа баримт үйлдэн Хонгорчуудыг мунхаруулсан. Үүнийг нарийн шалгаж үзээд холбогдох газруудад хандах болно” хэмээв. Цианит натри нь хүний биеийн дархлааг устгадаг төдийгүй удаан хугацааны турш хордуулдаг гэдгийг мэргэжилтнүүд нотолсон. Үүний жишээ нь өдгөө Хонгор суманд ил байгаа.
Иргэдийн ихэнх хувийг тархи толгой, гэдэс дотор, үе мөчний өвчтэй хүмүүс эзэлж байна. Одоогоос хэдэн жилийн өмнө Химийн шинжлэх ухааны доктор Х.Пүрэвсүрэн “Хонгор сумын хөрс, уснаас авсан шинжилгээний хариу хуудуутай. Учир нь шинжилгээний хариу урьдчилсан байдлаар ирсэн байдаг. Засгийн газарт шинжилгээний талаар нэгдсэн дүгнэлт бүхий баримт байдаггүй.
Онцгой байдал болон цагдаагийнхан шинжилгээний үеэр хариуг нь баримтжуулаагүй байдаг. Цаасан дээр хордоогүй гэж бичсэнээс өөр баримт байхгүй” гэдгийг дурьдаж байсан удаатай. Хордоогүй Хонгорын иргэд өнөөдрийг хүртэл өвчин зовлондоо шаналж явна. Хуурамч шинжилгээний хариугаар Хонгорчуудыг тайвшруулсан гэж үү. Хонгорын асуудал шийдэгдээгүй байхад Өмнөговь аймагт цианит натрийн хэрэг мандлаа.
Мэргэжлийн байгууллагууд хамтарч тус аймгийн Даланзадгад, Булган, Мандал-Овоо, Хүрмэн, Ханбогд сумдад химийн хорт бодисийн хэмжээг тогтоохоор шалгалт хийжээ. Одоогийн байдлаар найман аймгийн нутаг дэвсгэр мөнгөн ус, цианитаар бохирлогдсон болох нь тогтоогдов. Бохирлогдсон хэсэгт 32815 тн шлам хаягдал үүсч, 38733 га талбай химийн хорт бодисонд бохирдлогджээ. Нутгийн иргэдийн ярьж буйгаар ургийн гаж хөгжил нэмэгдсэн байна.
А.Лхагважав
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: