Бөө нар хүний аминд хүрлээ

Өвөрхангай аймагт бөө нар бөөгийн зан үйл хийж байгаад хүний аминд хүрсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд өнгөрсөн долоо хоногт хотоос таван залуу очсон байна. Тэд нутгийнханд өөрсдийгөө бөө гэж танилцуулаад, зан үйл хийж яваагаа хэлжээ. Нутгийнхны зарим нь тэдэнд үзүүлж засал ном хийлгэсэн байна. Харамсалтай нь тэдний дунд нэг залууг архинаас гаргах засал хийлгэхээр болж. Түүнийг аав ээж, ах дүү, хамтаатан садан нь “архинаас гаргаад өгөөч” хэмээн хандсан байна.  Бөө нар ч түүнийг  хээр аваачиж архинаас гаргах зан үйл хийхээр болж. Ингээд эзгүй газар аваачиж өнөөх залууг халуун чулуун дээр хэвтүүлж байгаад түлж алжээ. Одоогоор уг хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна. Сэжигтнүүд 18-23 насны залуучууд бөгөөд бүрэн дунд боловсролтой нэгийгээ даган бөө болжээ.Нийслэлд амьдардаг тэд хөдөө засал ном хийж хэд арван төгрөг цуглуулах гэж яваад дээрх хэргийг үйлдсэн гэдгээ хүлээсэн аж. Ер нь бөөгийн зан үйлээр хүний амь хороох явдал өмнө ч бас гарч байсан. Тухайлбал  өнгөрсөн жил Төв аймагт бөөгийн зан үйл хийж байгаад нэг хүнийг буцалсан усанд хийж хөнөөсөн хэрэг гарсныг та бүхэн санаж байгаа байх.

Н. Дагдан/www.now.mn/

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих