“Гологдсон” гишүүдийн тангараг өргөх тов тодорхойгүй

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтад багтан УИХ-ын гишүүн болох ёстой гурван хүн өнөөг хүртэл тангаргаа өргөөгүй яваа. Тодруулбал, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар, О.Баасанхүү нар намын даргынхаа Үндсэн хуулийн цэцэд өгсөн гомдлын хариуг хүлээсээр өнөөг хүрсэн. Үндсэн хуулийн цэцээс Н.Энхбаяр, Э.Батшугар, С.Нарангэрэл нарын гомд¬лыг үндэслэлгүй гэж үзсэн учраас Ерөнхийлөгч асан тэргүүтэй нөхөд энэ удаагийн парламентад суух хувьгүй хоцорлоо. За¬рим нэгний хэлснээр уралдаагүй морийг цоллох гэсэн улстөрчдийн санаа ч бүтэлгүйтэж орхив.
Тиймээс Ц.Цолмон, Ц.Оюунбаатар, О.Баасанхүү нар УИХ-ын гишүүний тангаргаа өргөх ёстой. Гэхдээ өмнө нь нэгэнт жагсаалтын дагуу парла¬ментын босгыг давсан ч намын дарга нарынхаа үгнээс гажилгүй гишүүний эрхээ өөр хэн нэгэнд шилжүүлэхээр харзнаж суусан гурвын хувьд дахиад л хүлээлт үүсч магадгүй юм.

Учир нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөл хуралдаж байж, тэдний тангараг өргөх өдрийг товлох гэнэ. Уг нь УИХ-ын сонгуульд санал авсан хувийн дагуу “Шударга ёс” эвслийнхэн жагсаалтад оруулсан хүмүүсээ УИХ-ын гишүүн болгох ёстой. Харамсалтай нь, нөгөө зүүдэнд ч оромгүй явдал гэдэг болж, эвсэл “хэт” өндөр санал авснаас тооцоолоогүй үр дагавар гарсан.
Өөрөөр хэлбэл, итгэл тавьж байсан хүмүүс нь бус, тоо бөглөсөн нь парламентад орчихсон аж. Тиймдээ л МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн гурван гишүүнийхээ тангараг өргөх асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаараа шийднэ гэсэн биз ээ. Эндээс харахад энэ гурван нөхөр “Шударга ёс” эвслийн “гологдсон хүүхдүүд” ч юм болов уу.
СЕХ-ноос “эвслийн жагсаалтын дагуу” хэмээн УИХ-ын гишүүн болох хүмүүсийг нь Ерөнхийлөгчид хүртэл өргөн мэдүүлсэн. Гэтэл хусмаа чамласан хүүхэд аятай дураараа аашилж байгаа нь хэрээс хэтэрсэн үйлдэл болж байна.

Төрд зүтгэнэ гэж сонгуульд оролцчихоод дургүйгээ хүрэхээр тангаргаа ч өргөхгүй байгаа нь хаанахын ч ёс юм бэ дээ. Үндсэндээ өөрт нийцэхгүй л бол өрөөлийн асуудал падлийгүй гэдэг байр сууринаас хандаад байгаа бололтой.
Эвсэж нийлсэн нам, эвслийнхэн сүүлийн үед “Намын ажлаа төрийн ажлаас тэргүүнд тавьдаг” гэх үгийг ихээр хэрэглэх болсон байна билээ. Тэр нь ч яах вэ, УИХ-ын даргаа сонгох гээд байхад Бага хурлаа хийсэн МАН-ынханд хандаж, чангаар хэлсэн хэрэг. Харин цаагуураа бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхнийг түншээд байгаа юм биш үү.

Тангараг өргөх эрх нь байхад тал засч, намын даргаа парламентад “шахах” гээд байгаа нь төрийн албаас илүү намчирхаж буй үзэл биш гэж үү.


URL:

Сэтгэгдэл бичих