БНХАУ: «Ойрхи Дорнодын аюулаас» хэрхэн зайлсхийх вэ

Хятадын Засгийн газар «Арабын орнуудын хувьсгалаас» эмээн хэвлэлийн эрх чөлөөг хаан боогдуулж байна.
Ойрх Дорнодын хувьсгалыг дэмжсэн цуглааныг сурвалжласан гадаадын сурвалжлагчийг баривчилж байна.
Хятадын Засгийн газар гадаадын сурвалжлагч нар урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр зарим нэг нутаг дэвсгэрт сурвалжлага хийсэн тохиолдолд тэдний визийг хүчингүй болгож, эх орноосоо хөөхийг мэдэгдэв. Өнгөрсөн ням гаригт Бээжингийн худалдааны дүүрэг Ванфуцзин гудамжинд аюулгүй албаны ажилтнууд гадаадын сурвалжлагч нартай бүдүүлгээр харьцаж 16-гаас цөөнгүй сурвалжлагчдыг саатуулжээ. Америкийн нэг сурвалжлагч зодуулж эмнэлэгт хүргэгдсэн байна. Хятадад Facebook, Twitter зэрэг гадаадын мэдээллийн сайтуудыг (тухайлбал «Америкийн дуу хоолой» сайт) хааж, иргэдийн үг хэлэх эрхийг хязгаарлаж эхэлжээ. Хойд Африк, Ойрхи Дорнодод эсэргүүцлийн хөдөлгөөний эрч хүч нэмэгдэх тусам, Хятадын Засгийн газрын болгоомжлол нэмэгдэж, иргэдийг хянах, цагдах ажиллагаа нь ихэссэн. «Хил хязгааргүй сурвалжлагчид» байгууллагын Азийн судалгааны хэсгийн удирдагч Жиль Лорде “Энэ бүхэн нь Засгийн газар (Хятадын) жагсаал цуглаанаас айн сандарч, Хятад дахь хүний эрхийг хамгаалагчид, сэтгүүлчид, идэвхтэнүүдийн Сүлжээнд нөлөөлөхөөс айж байгаа юм. Ойрхи Дорнодод үүссэн нөхцөл байдал Хятадын Засгийн газрыг илүү ихээр түгшүүлж байна” гэж мэдэгджээ.
«Хятадын эрхийг хамгаалагчид» байгууллагын судалгааны төвийн удирдагч Ван Сонлянь “Бид сүүлийн 5 жилийн хугацаанд эсэргүүцлийн хөдөлгөөнийг хамгийн харгисаар нухчин дарж байгаа явдлын гэрч болж байгаа бөгөөд 100 илүү хүн гэрийн хорионд байна. Нобелийн Энх тайвны шагналыг гардуулах үеэр ийм нөхцөл байдал үүссэн. Энэ удаа Засгийн газар цагдаагийн хүчийг богино хугацаанд дайчлаж, идэвхтнүүдийг гэрийн хорионд орууллаа” гэж ярьжээ.
Хятадын Гадаад бодлогын газрын төлөөлөгч өнгөрсөн пүрэв гаригт “Хятадын Засгийн газар юунаас ч айхгүй, улс орныг эмх замбараагүй байдалд оруулах гэсэн ямар ч оролдлого бүтэхгүй” гэж мэдэгдсэн байна. Гадаадад бүртгэлтэй Хятадын сайтууд иргэдийг ойрын ням гаригт дахин эсэргүүцлийн жагсаал хийхийг уриалж байгаа ч энэ уриалга Хятадын иргэдэд хүрсэн эсэх тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж нууц.мн


URL:

Сэтгэгдэл бичих