УИХ-ын дарга АТГ-ын удирдлагуудтай уулзав
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Авлигатай тэмцэх газрын дарга, удирдлагуудыг хүлээн авч, уулзлаа.
Шинээр томилогдсон УИХ-ын дарга З.Энхболдод тус газрын удирдлагын зүгээс баяр хүргэж, амжилт хүссэн юм. Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг дэд дарга, эрхэлсэн комиссар Б.Хурц тэмдэглэхийн хамт тодорхой ололт, үр дүнд хүрч ажиллаж байгаа гэдгийг хэллээ.
УИХ-ын дарга З.Энхболд энэ үеэр шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүрдүүлэхдээ УИХ-аас баталсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай шинэ хуулийн дагуу хэрхэн ажиллаж буйг тодруулсан юм. Түүнчлэн энэхүү шинэ хуулийн хэрэгжилтийн тухайд тодорхой зарим асуудлаар Авлигатай тэмцэх газрын удирдлагуудтай санал солилцлоо.
Өнгөрсөн УИХ-аас батлан гаргасан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль аль ч талаас нь бодсон нийгэмд төдийгүй төрийн алба, төрийн өндөр албан тушаалтнууд, авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд ч нэлээд том өөрчлөлт, чанарын ахиц дэвшлийг авчрах ёстойг УИХ-ын дарга дурдаад, шинээр бүрэлдсэн Улсын Их Хурал энэ тал дээр эхэлж үлгэр дууриал үзүүлэхээр зорьж буй гэдгийг онцолсон юм. Тухайлбал, шинэ Засгийн газрын танхимын сайд нарын томилгооноос энэ ажил эхлэх ёстой гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн.
Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Б.Хурц, 2012 оны УИХ-ын сонгуулиар бүрэлдэн бий болж, үйл ажиллагаа нь эхлээд буй шинэ УИХ-тай тус газрын зүгээс хамтарч ажиллах болно гэдгээ дурдсан юм. Мөн Төрийн албаны зөвлөлтэй ч ажлаа уялдуулж явуулахыг УИХ-ын даргын зүгээс зөвлөж байв.
Түүнчлэн тус газрын мөрдөн байцаах үйл ажиллагаанд түлхүү анхаарснаар бусад чиглэлийн ажил орхигдохгүй байх баталгааг хангаж ажиллах нь зүйтэйг УИХ-ын дарга З.Энхболд тэмдэглэн хэллээ. Ялангуяа Авлигатай тэмцэх газрын хувьд Соён гэгээрүүлэх ажил нэлээд чухалд тооцогддог гэдгийг эрхэм Спикер онцолж, энэ талаар хэрхэн ажиллаж, амжилтад хүрч буй талаар сонирхсон юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг бодит амьдралд хэрэгжүүлэх ажилд санаачлагатай, идэвхтэй байж, эрхэлсэн албандаа үнэнч шударгаар зүтгэхийг тус газрын удирдлагуудаар дамжуулан нийт алба хаагчдад нь хүслээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
URL: