Хэлгүй бэр
Албан тоогоор 180 орчим монгол бүсгүй хангүг эрийн эхнэр болохоор Солонгосыг зорьжээ. Эднээс цөөхөн нь тэр нутагт сурч амьдарч байсан, хэл ус, ёс заншлыг нь мэдэхтэйгээ хүмүүс. Ихэнх нь сиймхий гэрээ голон сайхан амьдрал мөрөөдөн нисэгчид. Тэд солонгос хэл гадарлах байтугай хань болох нөхөртэйгээ хальтхан танилцаад л явдаг. Хэлгүй бэр хадамдаа хүндгүй. Ядуу буурай орных, дээр нь харь нутгийн ёсыг мэдэхгүйн зовлон онгоцноос буунгуут л мэдрэгддэг гэнэ лээ. Монгол бүсгүйг солонгос хадмууд нь бэрийн ёсоор бус зарцын байдлаар угтана. Тэр айлын хамаг ажлыг хийх үүрэг хэлгүй бэрд ногдоно. Эрх мэдэл, хайр сэтгэлийн тухай ярилтгүй ээ. Ийм л хувь зохиол Солонгосыг зорьж байгаа монгол бэрүүдийг хүлээж байна. Бүгдийг нь биш юм гэхэд дийлэнхийг нь шүү. Утаатай ч гэсэн Улаанбаатар маань хавьгүй сайхан, ууртай ч гэсэн монгол эрчүүд маань хамаагүй ухаантай.
Хэрэв хүний газар, гүний нутагт эргэлт буцалтгүй бэр болон мордохоор шийдсэн бол хэлийг нь заавал сураарай. Хүнийг нь бас таниарай. Тун саяхан албаны хүн солонгос залуутай суусан бүсгүйчүүдийг маань хүнд бэрх амьдрал угтдаг тухай яриаг сонсоод ийн бичлээ. Эртний баатарлаг хатдын удам цэцэг цэврүү шиг үзэсгэлэнт бүсгүйчүүдийн маань нулимс Хан мөрнийг халгиах учиргүй билээ.
Д.ОЮУНТУЯА
URL: