Вангагийн хойд төрөл нь найман настай охин
Энэ охиныг төрнө гэж Ванга зөнч өөрөө хэлсэн удаатай. Тэрбээр “Миний энэ чадвар Францын сохор охинд шилжинэ. Тэр бусадтай огт адилгүй, онцгой нэгэн байх болно. Энэ хүүхэд бол жинхэнэ гайхамшиг. Түүнийг ол” хэмээн хэлжээ.
Ингээд тэр охиныг хүн төрөлхтөн хайж эхэлсэн юм. Эрэл 15 жилийн турш үргэлжилсний эцэст өнгөрсөн жил Францын “Сансрын эрэл хайгуул” нэгдлийн шинжлэх ухаан, судалгааны хэлтэс, “НТВ” сувгийн сэтгүүлчдийн хамтын хүчээр Францын нэгэн жижигхэн хотоос олжээ.
Түүнийг Каеде Убер гэдэг. Одоо найман настай. Бяцхан охин таван настайгаасаа л зөгнөн хэлж эхэлжээ. Анхандаа түүний хэлснийг ойр дотныхон нь хүүхдийн худал яриа хэмээн огт тоодоггүй байж. Гэвч тун удалгүй Каедегийн эцэг, эх нь охиндоо хандах хандлагаа өөрчилжээ.
Охины хэлсэн бүх зүйл яг биелж байгаад тэд айх, гайхах нь зэрэгцэж эхлэв. Эмээ нь зүрхний шигдээс туссан, ах нь хөлөө хугалсан, аавынх нь ажилладаг фирм дампуурсан, үеэл нь нас барсан тухай цахилгаан ирсэн, тэдэнд өв хөрөнгө үлдээсэн гээд олон зүйлийг урьдчилан харжээ.
Үүний дараа дэлхийн санхүүгийн хямрал, Египетийн хувьсгал, Муаммар Каддафийн үхэл, Францын тэргүүн хатагтай асан Карла Бруни-Саркози бие давхар болсон гээд олон үйл явдлыг хэлсэн гэнэ.
Каедегийн хэлснээр түүний зүүдэнд хар дүрснүүд орж ирэн, юмыг зөгнөн хэлүүлдэг гэнэ. Охин “Тэд маш аймшигтай. Би тэднээс айдаг” хэмээн “FogNews” агентлагийн сурвалжлагч Аксинье Волотовад ярьжээ. Сурвалжлагч энэхүү гайхамшигт бяцхан охинтой эцэг, эхийнх нь хараа хяналт дор уулзаж, цөөн хэдэн асуултад хариулт авч чадсан байна. Ингээд Вангагийн хойд төрөл, сурвалжлагч хоёрын яриаг орчуулан хүргэе.
-Энэ зургийг үз дээ (ОХУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн зураг. сурв). Эдгээрийн аль нь Оросын Ерөнхийлөгч болох вэ?
-Энэ халзан ах /Каеде огт бодож саналгүй Владимир Путиний зураг руу хуруугаараа заав/. Тэр Ерөнхийлөгчөөр удаан ажиллаж чадахгүй. Дөрвөн жилийн дараа өөрөө яваад өгчихнө. Нисээд явчихна. Түүнийг дуудаад, нисээд явна.
-Хаашаа ниснэ гэж?
-Мэдэхгүй ээ. Нартай, дулаахан, хөх тэнгистэй газар.
-Хэн түүнийг дуудах юм бэ?
-Мэдэхгүй. Тэр маш хүчтэй, аймаар том, үнэхээр баян. Хаанаас ч илүү баян.
-Каеде, манайд чам шиг хөвгүүд охид байдаг болов уу?
-Хаана ч ийм хүүхэд байхгүй ээ. Би ганцаараа.
-Тэгвэл чам шиг том хүн манайд байгаа юу?
-Байхгүй. Томчууд хүүхдүүдийн мэддэг зүйлийг мэдэхгүй. Томчууд хардаггүй юм. Тэд хоосныг хардаг болохоос үздэггүй. Харин би бүгдийг хардаг. Таныг ч бас харж байна. Та гурван хүүхэдтэй юм байна. Хүү, хүү, тэгээд охин. Харин танай нөхөр танд хайргүй болжээ. Тэр өөр хүнд хайртай. Тэр нь танай нөхрөөс хүүхэдтэй болохыг хүсдэг.
Харин нөхөр тань дахиж хүүхэдтэй болохыг хүсдэггүй. Тэр хүүхдүүддээ хайртай болохоор тантай хамт байгаа юм байна. Гэхдээ нөхөр тань танаас холдохгүй ээ. Тэр нөгөө эмэгтэйгээ хаяна. Тэр эмэгтэй нь маш муу хүн. Та болон таны хүүхдүүдийн талаар байнга муухай юм ярьдаг. Тэр хорон санаатай.
-Баярлалаа, Каеде. Чи энэ ахынхаа зургийг үз дээ. (домч, зөнч Николай Левашовын зургийг үзүүлэв. сурв) Энэ хэн бэ. Тэр өөрийгөө агуу хүн гэж үздэг. Чам шиг ирээдүйг зөгнөн хэлэх чадвартай гэж ярьдаг?
-Би түүнийг мэднэ ээ. Надад хар хүмүүс харуулсан юм. Тэр бол хууран мэхлэгч. Өөр оронд амьдарч байсан, хүмүүсийг хуурсан хэмээн шүүж байсан. Тэр айсандаа Орост очиж, тэндээ хүмүүсийг хуурч эхэлсэн. Маш муу хүн. Тиймээс битгий итгэ. Тэр хүмүүсийг хуурч, мөнгийг нь авдагтаа үргэлж баясдаг. Түүний толгойд яг ийм зүйл байгаа /Каеде толгойгоо нударгаа зангидаж байгаад цохиж эхлэв/. Энэ зургийг надаас холдуул. Түүнээс муудсан өндөг үнэртэж байна.
-За, за би авлаа. Чи юу мөрөөддөг вэ. Ээж шигээ том болоод юу хийхийг хүсч байна вэ?
-Би эмч болохыг хүсдэг. Хүмүүсийг эмчилнэ. Гэхдээ би эхлээд өөрийгөө эмчилнэ. Тэгээд эдгэрчихээд бусад хүүхэдтэй тоглоно. Тэдэн шиг нарыг харна. Бас тэнгист байнга шумбана. Тэнгист сэлэхийг хүсэхээрээ шууд л очно. Харин сэлээд залхахаараа эрэг дээр гарч хэвтээд тэнгэрт байгаа нарыг харна. Хөх тэнгэр, тэнд бурхан амьдардаг. Би түүнийг хараад, дуу дуулж өгнө.
Үүний дараа охин уйлж, эцэг, эх нь түүнийг биднээс холдуулсан юм.
Нэг зүйлийг нэмж хэлэхэд, би гайхамшигт хэзээ ч итгэдэггүй байсан. Гэхдээ Каеде охин намайг хэдэн хүүхэдтэй болохыг хаанаас мэдсэн байж болох вэ? Бас Николай Левашовын талаар, АНУ-д залилан хийсэн хэргээр хоригдож байсныг нь хүртэл хэрхэн мэдсэн юм бол. Гэхдээ миний хувьд нөхөр маань нууц амрагтай гэсэн үг үнэхээр их айлгалаа. Нөхрийн минь талаар Каеде Уберийн хэлсэн бүхэн үнэн биш байгаасай.
Эх сурвалж: Өглөөний сонин
URL: