Харүмафүжи буюу Ама Бямбадорж моринд хорхойтой
Аралын Япон улс 130 сая хүнтэй бол Азийн цээжинд орших Чингисийн Монгол улс 2.8 сая хүн амтай. Тэгвэл Манай Монголчууд 1990-ээд оны сүүлчээс эхлэн Япон улсыг зорин очиж үндэсний сумо бөхийн барилдаанаар нь хүч үзэх болсон бөгөөд энэ хугацаанд Асашёорюү Д.Дагвадорж, Хакухо М.Даваажаргал нар дээд зиндааг эзэгнэн Ёкозүна цол хүртсэн бол Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү Ананд нар Озэки цол хүртэн тус улсын олон зууны уламжлалтай Сумо барилдааны дэвжээг эзэгнэсэн аварга, арслан цолтонгууд болцгоосон.
Тэр ч битгий хэл энэ оны 5-р сарын башёд тус улсад анх сумод хүч үзэхээр салхийг нь хагалсан бөхчүүдийн нэг Кёкүтэнхо Цэвэгням дээд зиндаанд түрүүлсэн. Тэгвэл энэ оны 7 дугаар сарын башёд Харүмафүжи Д.Бямбадорж нэг ч удаа өвдөг шороодолгүйгээр түрүүлсэнээр эзэн хааны цомыг 3 дахь удаагаа авлаа. Ингээд бодоход Япон улс хэдэн хүнтэй билээ, Монголчууд бид хичнээн хүн амтай билээ гээд бодоход тэднээс 72.0 дахин цөөн хүнтэй атлаа Чингэсийн монголчууд бид ямар агуу юм гэх бодол өөрийн эрхгүй төрнө.
Энэ дашрамд хэлэхэд Ама Бямбодорж хүүхэд байхаасаа л моринд нугасгүй дуртай байсан бөгөөд одоо ч моринд хорхойтой хэвээрээ гэнэ. Тэр 7-8 настай байхдаа Говь-Алтай аймгийн Чандмана суманд улсын заан, аав Р.Даваанямыгаа дагаж очоод авга нарынхаа морийг унаж сумын төв дээр нааш цааш хөндлөн гулд давхина гэдэг үзүүлж өгдөг хүүхэд байв. Тухайн үед түүнд авга нараас нь өмчилж өгсөн даага өдгөө их насны морь болчихсон унах эзнээ хүлээгээд унаган ижилдээ явж байгаа аж. Тэгээд ч озэки Ама хэмээх Харүмафүжи Д.Бямбадорж удахгүй эх орондоо ирэх төдийгүй улмаар аавынхаа төрөлх нутаг Чандмана суманд очиж, агаарын сайханд хүлэг морио унаж тавтай амрах гэнэ.
Д.Сэрээтэр
Эх сурвалж: “Монцамэ”
URL: