Фашист Коммунизм ноёрхсон хөдөө нутаг
Сонгууль гэж нэг хэсэг хот хөдөөгүй бужигнав. Олноос яаж дутахав гэдэг шиг би ч бас бужигнаанд оролцож, хөдөө нутгаар хөндлөн гулд давхилаа. Увс аймагт сонгуульд оролцохын тулд 1500 км газар хонон өнжин явж очих хэрэгтэй. Эсвэл 254,000 төгрөгөөр нисэж болно. Очоод 18 сумын 93 багийн нутгаар явахад дор хаяж 5000 км туулна. Зөвхөн Увс ч биш ер нь аймгуудад нэр дэвшсэн хүн иймэрхүү замыг давдаг хэрэг. Тэр дундаа Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл зэрэг аймгууд бол явахад зам бартаа ихтэй, уул даваа, ус мөрөн олныг гаталж, донсолгоо, дэржигнүүр гээд бүхнийг туулдаг. Ингээд л нийтийн жишиг гээд жирийгээд л байна даа. Явсаар нэг суманд очноо.
Ихэнх сум 2 намд хуваагдсан нэг ижил төрхтэй. Сумын засаг дарга аль намын хүн байгаагаас тухайн сумын ерөнхий сэтгэлгээ, чиг хандлага тогтсон хэв загвартай гэж болохоор. Би ихэвчлэн Соёлын төв, номын сангийн эрхлэгчтэй уулзаж, ном сонин, соёлын тухай л сонирхдог үндсэн шахуу ажилтай явсан хэрэг.
“Манай сумын дарга өөр намын болохоор тагнаад их хэцүү…, дарга өөр намын хүнтэй уулзлаа гэж загнаад байгаа…, даргад жаахан тал засах маягтай байхгүй бол дор нь ажлаас хусагдана…” Иймэрхүү яриа хаа сайгүй л ярьсан хүмүүс таарах юм. “Хуралд орчихвол бөөн хэл ам болно” гээд сууж байгаа соёлын төвийн эрхлэгч ч байна гээч.
Аль намын хуралд орох, ямар үг хэлэхийг сумын дарга мэддэг гэнэ шүү. Тэр бүү хэл нэг багш сумын даргын эсрэг намын байраар орсон учир ажлаас халагдах тухай яригдсан инээдтэй хэрэг ч тохиолдож байв. Хөдөөгийн ард түмэн, тэр дундаа багш, соёлын төв, эмнэлэг гээд соёл түгээх ёстой хүмүүс нь ийм харанхуй сууж байхад цаад малчид нь яах юм болж байнаа. Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулаад 20 гаруй жил болсон биш билүү. Социалист нийгмээс харанхуй амьдарч байна гэхэд ухаан санаанд багтамгүй юм. Гэвч нүдээр үзээд итгэхээс өөр яалтай. Сумын төвийн ажилгүй шахуу байдаг хэдэн нөхөд л манай танай нам гэж гүйхээс биш малчид бол тэс өөр.
Тал нутгийн малчид тааваараа, дураараа байгаа мэт харагдавч үнэн хэрэгтээ бол эсрэгээрээ л аж төрж байна. Малчдад үнэндээ нам бол сонирхол татсан асуудал биш. Төрд хэн байх нь ч бас сонирхолтой асуудал биш. Тэдэнд хямдхан бараа, хүүхдийн сургууль гэсэн хоёр гол зүйл л чухал. Түүний араас түүхий эдийн үнэ тэгээд эрүүл мэнд гэсэн асуудал яригдаад ерөнхийдөө асуудал болно гэсэн үг.
Онигоо шиг нэг жишээ сонслоо: МАН-ын нэр дэвшигч нэг айлд бууж чухам аль намыг дэмжиж байгааг нь асуужээ. Гэрийн эзэн “Би элсээд 30 жил болж байгаа ганц намтай хүн” гэжээ. Тэднийг явсны дараа АН-ынхан очжээ. Гэрийн эзэн “Бид энэ жил шинэ сонголт хийх гэж яриад байгаа шүү” гэжээ. Түүний дараа бие даагч очжээ. Гэрийн эзэн “Бид нар энэ хоёр намаас бүр залхаад байна шүү дээ” гэж. Тэр айлд очсон бүхэн миний дэмжигч байна гэж бодно. Энэ айлын жишээ бол ерөнхийдөө хөдөөгийн төрх юм. Сонгуульд нэр дэвшсэн хэн ч ирсэн “чамайг л дэмжинэ” гэсэн ганцхан төрхтэй. Түүнд нь итгэсэн нэр дэвшигч сонгуулийн дүн гартал өөрийгөө ялсан баатраар төсөөлж давхисаар өнгөрдөг хэрэг. Уулзалт цуглаан болсон газар хэн нэгэн хорлонтой асуулт тавьж нэр дэвшигчийг тэвдүүлэх нь элбэг. Тэр нөхөр ихэвчлэн халамцуу байна. Гэтэл танхим дүүрэн хүн асуулт тавигчийг загнаж, зандарч, заримдаа бүр танхимаас гаргана. Энэ үйл явдал нэр дэвшигчийг заал дүүрэн хүн дэмжээд, халамцуу ганц нэг нөхөр сөрөг байгаа юм байна гэсэн ойлголтыг өгнө. Ихэнх нэр дэвшигчдэд энэ үйл явдал таарах бөгөөд тэд үнэмшиж дараагийн сум руу сэтгэл өндөр мордоно.
Төрийн албан хаагчийн шинэ хууль үйлчилж эхэлсэн цагаас хойш хөдөөгийн улс төрд их өөрчлөлт оржээ. Багш, эмч тэргүүтэй боловсрол эзэмшсэн хүмүүс зөвхөн ажлаа хийх болсон. Сонгуульд өрсөлдвөл ажлаасаа гарах ёстой. Тийм болохоор ялах үгүй нь мэдэхгүй нэг сонгуулийн төлөө ажлаасаа гарах хэн байх билээ. Ингээд бизнес хийдэг хэдэн нөхөр малчид, тариаланчид гэсэн хүмүүс л орон нутгийн сонгуульд өрсөлддөг хэрэг. Ингээд л ах дүү олонтой нь гараад ирнэ дээ. Сумын дарга болох хүн намын хэдэн нөхөр дээр хоёроос гурван хүн худалдаад авчихад иргэд хэчнээн ч дургүй байсан даргаа хийгээд л байна. Зөвхөн сум ч биш аймаг ч иймэрхүү маягийн даргатай. Ерөнхийдөө бол үзэл санаа нь фашист, арга барил нь коммунист болчихсон бүлэглэл хөдөө нутгийг атгаж байна. Фашист-Коммунист үзлийн ноёрхол тогтжээ гэж товчхоноор ойлгоход болно.
Д.Жагаа gonews
URL: