Монголын жүдочдын ихэнх нь эхний тойрогтоо хийлжээ
“Лондон-2012” зуны олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд өрсөлдөх баг тамирчдын сугалаа Лондонгийн цагаар 09.00 цагт /Монголын цагаар 17.00 цагт/ боллоо. Лондонгийн татамид гарах Монголын жүдочдын сугалааг танилцуулъя.
60 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Бразилийн Фелипе Китадафайтай барилдахаар сугалаа таарчээ. Эхний барилдаандаа ялбал дараагийн тойрогт Гайана болон Өмнөд Африкийн бөхчүүдийн ялсантай хүч үзнэ.
66 кг-ын жинд Х.Цагаанбаатар эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Тайванийн бөх Ту Кай Вентэй, ялбал дараагийн барилдаанаа Австрали болон Их Британийн бөхчүүдийн ялсантай нь барилдана.
73 кг-ын жинд С.Ням-Очир эхний тойргийн барилдаанд хийлж, хоёрдугаар тойрогт Германы Кристофер Воелктэй учраа таарчээ. Ялсан тохиолдолд дараагийн барилдаанд Португаль болон Украйны бөхчүүдийн ялсантай нь хүч үзнэ.
-100 кг-ын жинд Н.Түвшинбаяр эхний барилдаанаа Тайландын Теерават Хомклинтэй хийж, ялбал Францын Тьерри Фабре, Египетийн Рамадан Дарвиш нарын ялагчтай барилдах юм.
Эмэгтэйчүүдийн хөнгөн жин 48 кг-д М.Уранцэцэг эхний барилдаанд хийлж, хоёрдугаар тойрогт Казахстаны бөх Александа Подрядоватай барилдахаар сугалаа таарчээ.
52 кг-ын жинд М.Бундмаа жингийн тамирчдаа манлайлах бөгөөд эхний тойрогт Гаити улсын тамирчин Линоуси Десравинтай, ялбал Кубын тамирчин Янет Бермой Акостатай барилдахаар болсон байна.
57 кг-ын жинд Д.Сумъяа эхний тойрогт БНСУ-тай шилдэг жүдоч Ким Жан Дитай, ялсан тохиолдолд Италийн бөх Жулия Квинтаваллтай барилдах юм.
63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа Палау улсын тамирчин Женнифер Энсонтой, ялбал Финляндын Йоханна Илинентэй барилдахаар сугалаа таараад байна.
-78 кг-ын жинд П.Лхамдэгд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Их Британийн Жемма Гиббонс, Португалийн Яхима Рамирез нартай ялсантай хүч үзэх юм.
www.times.mn
URL: