Жолоочийг 45 хоногийн курсээр биш ахлах ангид нь бэлтгэе
Нийслэлд өдөр өнжихгүй зам тээврийн осол гарч байна.
Өдөрт дунджаар 300 орчим зам тээврийн осол зөрчил гардаг гэсэн тоо бий. Саяхан амралтын хоёр өдөрт 15 хүн зам тээврийн ослоор нас барсан гэх мэдээлэл чих дэлслээ. Жолооч нарын мэдлэг, ур чадвараас осол зөрчил ихээхэн шалтгаалдаг. Бүр тодруулбал, машин асааж унтрааж, урагш хойш хөдөлгөдөг л болчихвол жолооч нэр зүүж, үнэмлэх гаргаж өгдөг жолооны курсуудын бүтээгдэхүүнүүдийн чанарын тухай яриа. Уншиж, бичиж чаддаггүй нөхөр жолооны үнэмлэхтэй болчихсон явж байх нь энүүхэнд.
Нэгэнт л хүний хэрэгцээ шаардлагаар бизнес хийж, ашиг олж байгаа бол чанарыг эрхэмлэх нь зүйн хэрэг. Ялангуяа хүний амь насыг дааж явах хариуцлагатай “мэргэжилтнийг” бэлтгэж байгаагийн хувьд хатуу чанга журам дүрэмтэй байх ёстой.
Гэтэл жолооны курсууд чанарын талаар ухаарах ч сөхөөгүй, мөнгө саахаа бодож байна. Үнэ дагаж чанар гэдэг зах зээлийн хууль хаачив. Ямар өнгийн гэрлээр төмөр хүлэг гарч, ямар өнгийн гэрлээр явган зорчигч гарах ёстойг мэдэхгүй, гэрлээ яаж шилжүүлдгийг ч мэдэхгүй жолооч нар төгссөөр л байна.
Явган зорчигчийг гарцан дээр дайрч, амийг нь хохироосон хэрэг өдөр бүр шахам гарч, тэр болгонд хүмүүсийн нүд, чих хоёр дасах янзтай болж ирлээ.
Өнгөрсөн оны есөн сарын байдлаар улсын хэмжээнд 1332 авто тээврийн осол гарсан байна. Гэтэл үүнээс 282 хүн нас барсан гэсэн мэдээлэл байна. Үүнийг юу гэж ойлгох вэ. Иргэний дайны байдалтай байгаа улс орнуудад ч есөн сарын хугацаанд ийм их хүн эндэж үрэгдэхгүй байх. Монголоос өөр нэг оронд жилд 300 орчим хүн амь насаа алдаж байна гэх юм бол дэлхий нийтээр юу гэж шуугих бол.
Гагцхүү Монголчууд л байх ёстой зүйл мэтээр ойлгож хүлээж авч байна. Энэ өдрүүдэд Авто тээврийн газрын 85 жилийн ой тохиож буй. Осолгүй манлай явсан олон жолоочийг шагнаж урамшуулах юм гэсэн. Жолооч нарын дунд зам тээврийн осол зөрчил гаргадаггүй, замын хөдөлгөөний дүрмийг ягштал биелүүлдэг нь олон.
Харин нийслэлд машиныхаа цонхон дээр “Уучлаарай, шинэ жолооч” гэсэн бичиг наачихаад хээвнэг дүрэм зөрчигсөд олон болжээ. Шинэ жолоочид яах ёстой юм бэ. Зам тавьж өгөх үү, ногоон гэрлээр гарахад нь туслах уу, урд ирээд унтарчихвал асааж түрж, чирч өгөх үү. Мэдээж үгүй. “Шинэ жолооч” гэсэн бичиг наачихаад дүрэмгүй аашилж яваа жолооч нарыг төгсгөсөн жолооны курстэй нь хатуу хариуцлага тооцдог болмоор байна. Жолооны курсын хугацаа уртассан ч чанарт ахиц гарсангүй. Хотын жолоонд хэд гараад л, дүрмийн хичээлдээ ганц ч суугаагүй байж шалгалтандаа тэнцчихдэг “шинэков”-уудыг яах вэ.
Нийслэлд гардаг 4-5 авто тээврийн осол тутмын нэгт нь хүн амиа алддаг байна. Энэ нь мөн нөгөө чанаргүй гэдэг нэрийг зүүдэг жолооны курсуудтай хамаатай асуудал. Тав арван жил жолоо мушгив уу, үгүй юу мөнгө төлөөд багш болж, гадныхны голж шилээд хаясан хуучин “Эксель”, “Аксент”
голдуу машинаар дадлага хийлгэж, энд тэндхийн өрөө, булан тохой түрээслэн дүрэм зааж байгаа курсуудыг татан буулгавал яасан юм бэ. Хэдхэн төгрөг зарцуулаад эргүүлээд түүнийгээ хэд дахин нугалж олох бизнесийн шилдэг ухаан гэж үүнийг хэлнэ.
Жолооны курсууд ихэвчлэн Солонгосын механик хөдөлгүүртэй, зөв талдаа жолоодлоготой машинаар дадлага хийлгэдэг. Харин жолооч төгсөөд буруу талдаа жолоодлоготой, автомат машинаар замын хөдөлгөөнд оролцож эхэлнэ. Ингэхээр “шинэ жолооч” нар замын хөдөлгөөнд оролцох гэж “уучлаарай” болгох нь аргагүй. Хатуухан хэлбэл, жолооны курсууд жолооч биш алуурчин бэлтгээд байгаа юм биш үү.
Манай улсын хэмжээнд 300 гаруй жолооны курс байдаг аж. Үүнээс Улаанбаатар хотод 110 нь үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн. Харин сүүлийн үеийн судалгаагаар 140 гаруй болсон гэсэн. Багшлах боловсон хүчин, сургалт явуулах материаллаг баазтай, анги танхимтай аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдэд сургалт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог. Гэтэл анги танхимгүй, эд материалын дутагдалтай жолооны курсууд бишгүй л байна. Гэхдээ тэд үйл ажиллагаагаа явуулах “Жолооч бэлтгэх журам”-ыг хангасан гэх дүгнэлттэй.
Жолооч болох сонирхолтой, шаардлагатай хүмүүсийг бүртгэж аваад “Алуурчин бэлтгэх дамжаа” “ОК” болно. Харин цаана нь бий болох үр дагавар тэдэнд огт хамаагүй. Жолооны курсын төлбөр 280-300 мянган төгрөгийн үнэтэй байгаа гэнэ. Сургалтын хугацаа нь 45 хоног. Харин гадны оронд бол жолооны курс төгсөөд хоёр жил дадлага хийдэг гэсэн. Гэтэл манайхан 45 хоног сургасан болгочихоод л шууд үнэмлэхийг нь өгч жолооч, алуурчин гэдэг цолыг хамтад нь өгдөг. Тэгээд болоогүй зарим нэг гажиг нь мөнгөөр зодоод жолооны үнэмлэх авна. Унаж тусдаг, хараа муутай сэтгэцийн өвчтэй эсэхийг нь ч харгалзаж үзэхгүйгээр хэдэн цаас аваад л үнэмлэхийг нь гаргаж өгнө.
Машинтай, машингүй бүгд жолооч болчихлоо. Замын түгжрэл, аваар осол, хэрүүл тэмцэл энэ бүгд энэ олон туршлагагүй жолооч нараас л бий болж байна. Улаанбаатар хот маань сая гаруй хүн амтай, 300 гаруй мянган машинтай. Үүнээс ч их байж магадгүй. Бас өдөр бүр бараг цаг тутамд хаа нэгтээ осол гардаг гэхэд нэг их буруудахгүй. Учир нь 140 гаруй жолооны курсын бэлтгэж буй цэл ногооноороо байгаа жолооч нар энэ бүгдэд буруутай.
Бид жолооны курс гэж тусад нь аж ахуйн нэгж байгуулж, зөвшөөрөл энэ тэр гэж байхаар жолооч болох сургалтыг ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад дэс дараатай нь оруулж, сургалтын тусгай хөтөлбөрөөр жолооч бэлтгэж эхлэх хэрэгтэй гэж олон жил ярилаа. Харин энэ яриаг одоо л ажил хэрэг болгох хэрэгтэй байна даа. Бүтэн хоёр жил жолооны сургалтад хамрагдсан залуучууд замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж л таарна шүү дээ.
URL: