Өндрөөс айдаг Ганаа

Өдгөө залгамж халаагаа бэлтгэх асуудалд анхаарч, шийрийг нь хатаах шижигнэсэн залуус хайж буй “Камертон”-чууд шүүгчийн суудалд заларсан. Тус тусынхаа ажил, амьдралд анхаарч хамтын уран бүтээлээ завсарласан дуучид салбар бүрт хүчин зүтгэх болсон.

Эба газар тариалангийн бизнес хөөсөн бол, Мээдээ ресторан ажиллуулж эхэлсэн нь нууц биш. Болд дуу бичлэгийн студи толгойлон продюссер хийж яваа бол, Ганаа нэвтрүүлэг хөтлөн янз бүрийн ажилтай зууралдаж буй. Хамтлагийнхаа хамгийн хөгжилтэй, бас дэггүй гэгддэг Ганаа мэргэжлээ солиод хэрэндээ л уйдах завгүй байдаг юм билээ. Мань эр компанийн захирлаас эхлээд цэвэрлэгч хүртэл хийж үзсэн гэдгээрээ их л бахархдаг ч ганцхан зүйлээс ухаангүй айдаг гэх.

Тэрбээр нэвтрүүлгийнхээ нэгэн дугаарт өндөр байшингийн цонх угаах ажлыг сурталчилж явахдаа эгээтэй л уйлаагүй гэсэн. Алчуур, хувин бүхий сайтар бэхэлсэн дүүжин сандалд суугаад байшингийн дээврээс дөнгөж буув уу, үгүй юу л “Буцаагаад татаарай. Энэ ажлыг чинь үнэхээр хийж чадахгүй юм байна. Толгой эргэлээ” гэж орилоод сүйд болж.

Гайхсан ажилчид түүнийг дээвэр дээр татаж гаргахад Ганаа нулимсаа арчин ихэд түгшсэн байдалтай “Үзэгчид ээ, ийм аймаар ажил гэж бодсонгүй. Би лав ийм өндөрт гарч чадахгүй. Үнэндээ их айлаа” гэж тайлбарлажээ.

Р.Есүй


URL:

Сэтгэгдэл бичих