БАЯЛАГИЙН ХУЛГАЙД ХӨШӨӨТИЙН УУРХАЙ ӨРТЛӨӨ.

Уншигч   таны гэрт  хуйлгайч ороод, авдар савыг чинь ухаж төнхөн,  өнгөтэй өөдтэй эд зүйлсийг чинь аваад гарсан бол та яах вэ?  Цагдаа, шүүхэд мэдэгдэн  бөөн юм болно биз дээ. Ийм үйлдлийг Эрүүгийн хуулийн агуулгаар бол  өмчийн эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж, хулгай гэж тодорхойлдог. Хулгайн нэг онцлог нь  тухайн өмчийг, эзэнд нь мэдэгдэхгүй байдлаар нь өөртөө  авдаг.

Тэгвэл.., үүний нэгэн адил Монгол эх орны  байгалийн баялагийг маань “хулгайлан”, зөөж гарахаар бэлтгэж байхад бид харсан ч хараагүй юм шиг суусаар байх уу?

МУҮХ-ийн 6.2-т: “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн“ гэсэн бол   6.1-т: “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн  хамгаалалтад байна” гэж заасан байдаг билээ. Эндээс үзвэл эхний заалт ёсоор бол байгалийн баялаг  бол Монгол төрийн өмч, хоёрдох заалт ёсоор бол энэ өмч нь ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтан доор байх ёстой юм. Өөрөөр хэлбэл ард түмэн төрийн эрх барих төлөөлөгчидөөрөө дамжуулан өөрийн баялагаа захиран зарцуулах эрх мэдлээ хэрэгжүүлэх ёстой.

Гэтэл..,  Монгол төрийн өмчийн нэгээхэн хэсгийг гадныхан ямар ч зөвшөөрөлгүй шахуу, “өмчийн эзэн” болсон ард түмэнд  нь мэдэгдэлгүйгээр,  харь нутагруу зөөхөөр зэхэж эхний бэлтгэл ажлуудаа базаачихаад байна. Ийм байтал  Монгол төр таг чиг, ноднин 1 сарын 29-нд  төрийн төлөөлөл болсон УИХ-ын цөөн хэдэн эрхмүүд дуугарсан боловч тэдний амыг “баялагийн хулгайчид барьсан”  бололтой.

Би энд Ховд аймгийн Дарви сумын нутагт орших, манай эрх мэдэлтнүүдийн жижиг, орон нутгийн шинжтэй гэж голж, стратегийн ордод оруулаагүй үлдээсэн, дэлхийн томоохон хөрөнгийн  бирж гэгдэх Хонконгийн хөрөнгийн бирж дээр, ХӨШӨӨТИЙН УУРХАЙ нэрээрээ их хэмжээний хөрөнгө босгож, дэлхийн уул уурхайн акул гэгдэх Австралийн “Leighton” компани гэхэд л зөвхөн туслан гүйцэтгэгчээр ажиллахаар болж  байгаа  Хөшөөтийн уурхайн тухай ярьж байна.

Манайдаа гологдож, дэлхийд үнэлэгдсэн эл уурхайн баялаг удахгүй  “эзэддээ биш, эрх мэдэлтүүдэд ашигтай учраас” гадагшаа зөөгдөх гэж байна, нэг үгээр хэлбэл Монгол  төр өөрийн өмчөө “хулгайд  алдаж” хэлэх гэж байна. “Хулгайч” нь төрийн нөлөө бүхий томчуудтай хуйвалдан илүү, зохион байгуултайгаар  өөрийн “үйлдлээ” хэрэгжүүлж байгаа бололтой.

Хятадын 100 %-ийн хөрөнгө оруулалттай МОНЭНКО компани Хөшөөтийн уурхайгаас жилд эхний жилд 3 сая тонн, улмаар цаашдаа  жилд 8 сая тонн нүүрс олборлон гадагшаа зөөх төлөвлөгөөтэй юм байна. Эдгээр үйл явдлуудтай холбогдуулан  оны өмнөхөн Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид  МОНЭНКО компаниай байгуулсан “Түүхий нүүрс хилээр гаргахгүй байх” тухай байгуулсан  гэрээгээ тэднээс биелүүлэхийг шаардахад МОНЭНКО компанийн удирдлага,  та нарын мэддэг хэрэг биш, тэгээд ч дээд газартай яриад тохирчихсон байгаа  гэж тэдний хэлснийг үл тоомсорлоод зогсохгүй, аймгийн удирдлагуудад,  Монгол төрийн төлөө ажилласанд нь  олгодог цалингаас нь илүү “цалинг”  өгчихсөн бололтой юм билээ.

Өвөг дээдсийн маань  цус, хөлсөөр үнэлэгдэн байж үр хойч бидэнд өвлөгдөн ирсэн газар нутгийн маань баялагийг  гадныхан бараг л эзэн болсон биднээс ил тодоор  зөөх боллоо. “Миний нутгийн газар  шорооноос бурхан гуйсан ч бүү өг” хэмээсэн өвгөдийн үг  эдүгээ цагт  ул болж “гадныхан бурханаас ч илүү” мэт ойлгогдон газар нутгийг маань эрх дураараа сүйтгэдэг  болжээ.

Ямартай ч,  баялагийг маань “хулгайлж байхад эзэн нь  болсон Монголчууд бид дуугүй суухгүй”  гэдгээ эхний ээлжинд Ховд аймгийн  харъяат  оюутан залуус илэрхийлж, тэдэнтэй Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй зарим ОНБ, хөдөлгөөнүүд нэгдэж,  удахгүй энэ мэтийн бусармаг үйл хэргийн эсрэг зогсохоо илэрхийлэхээр зэхэж байгаа юм байна.

Ц.Гомбосүрэн


URL:

Сэтгэгдэл бичих