Орон нутгийн сонгуулийг 9 сарын дундуур хийх төлөвтэй
СЕХ-ны дарга Н.Лувсанжав өнөөдөр өглөө УИХ-ын дарга З.Энхболдтой уулзлаа. Энэ үеэр сэтгүүлчид түүнээс зарим асуудлыг тодруулсан юм. Тухайлбал, орон нутгийн сонгуулийг ямар зарчмаар явуулахыг сонирхлоо.
-Гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл бий. Түүнд СЕХ саналаа өгнө.
-Аймаг, дүүргийн сонгуулийг хэзээ хийхээр төлөвлөж байгаа бол?
-Орон нутгийн сонгуулийг есдүгээр сарын дундуур зохион байгуулах бодолтой байна.
-УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймгийн тойрогт гарсан маргааныг хэзээ шийдэх вэ?
-Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан байгаа. Шүүхийн шийдвэр зохих шатандаа хянагдаж шийдэгдэх ёстой. Дараагийн шатны шүүх хурал тодорхой хугацаагаар хойшилсон. Энэ хурлыг хийгээгүй байгаа учраас шийдвэр гарсны дараа тойргийн хороо асуудлаа шийдэх ёстой. Тойргийн хороо хуралдаад шүүхээс асуудлыг шийдсэний дараа ярья гэдэг зарчим дээр тогтсон талаар СЕХ-нд бичиг ирсэн.
-Орон нутгийн сонгуулийг ямар зарчмаар явуулах вэ?
-Орон нутгийн сонгуулийг автомат машинаар явуулна гэвэл маш өргөн хүрээний ажил. УИХ-ын сонгуулийн хэмжээний ажил болно. Бүх хэсэгт техник хэрэгсэл хүргэхээс өгсүүлээд түүнтэй холбоотой зардал гарах ёстой. Түүний тооцоог хийх ёстой. Энэ боломжийг бид одоо тооцож байна. Гэхдээ орон нутгийн сонгуулийг автоматжуулах уу, үгүй юү гэдэг хууль эрх зүйн орчныг яаж зохицуулахаас шалтгаална. Үүн дээр тусгайлан шийдвэр гарах байх гэж үзэж байна.
-МАН-ын зүгээс УИХ-ын сонгуулийн тойргууд дээр саналыг гараар тоолох хүсэлт гаргасныг СЕХ хэрхэн үзэж байгаа вэ?
-СЕХ саналыг тойргийн хэмжээнд бүхэлд нь тоолох эрх зүйн орчин байхгүй гэсэн хариу өгсөн.
URL: