Олимпийн наадмын нээлтийн хугацааг танав

Их Британийн нийслэл Лондон хотноо маргааш эхлэх зуны ХХХ олимпийг зохион байгуулагчид наадмын нээлтийн ёслолын үргэлжлэх хугацааг 30 минутаар танахаар шийдвэрлэжээ.

Долоо хоногийн өмнө нээлтийн ёслолын сургуулилтын үеэр шалгахад төлөвлөсөн гурван цагаасаа давсан нь ийм шийдэл гаргахад хүргэсэн байна. Ингэснээр нээлтийн ёслолын үйл ажиллагааг 90 минутад шоу үзүүлбэрээ багтааж, үлдсэн хугацаанд нь наадамд оролцох 204 орны тамирчдын жагсаал, олимпийн бамбар асаах ажлыг хийхээр төлөвлөжээ.

Лондонгийн олимпийн нээлтийн ёслолын арга хэмжээнд 80 мянган үзэгч, 16 мянган тамирчин, 10 мянган оролцогч, 70 хонь, 10 тахиа, гурван үхэр, хоёр ямаа, мөн нохой, галуу оролцоно гэнэ. Нээлтийн ёслолын үеэр Лондон хотын байнгын цаг агаарыг гадны зочид тамирчдад үзүүлэхийн тулд хиймэл үүлнээс бороо оруулах гэнэ.

Найруулагч Денни Бойл нээлтийн ёслолын талаар нэг ч үг дуугарахгүй нууцалж зөвхөн “Олимп эхлэх хүртэл энэ талаар юу ч ярихгүй, хүмүүс яг нээлтийн үеэр л бүхнийг үзэж бишрээсэй гэж хүсч байна” гэсэн байна. Олимпын нээлтийн ёслол зохион байгуулахад нийтдээ 27 сая фунт стерлинг зарцуулж байгаа юм байна.

Б.Ирээдүй


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих