Н.Алтанхуяг гомдогсдын армитай болохгүй гэж гүрийж байна

Н.Алтанхуягийн танхимд орж ажиллах сонирхолтой  хүмүүсийн цуваа хэт урт байгаа тул  тасалсан байна. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлийн хүн ардаа хүн  зогсоохгүй гэсэн үг. Ганц нам дангаар засгийн эрх барихад албан тушаал горилогсдын  уртаас урт дараалал үүсдэг байхад  дөрвөн нам эвсэж дээр нь бие  даагч нар орж ирж байхад Ерөнхий сайдаас ихээхэн уран мэх шаардах нь ойлгомжтой.

АН-ын дарга Н.Алтанхуягийн хувьд дотоодынхоо амбицтай фракциудыг гомдоохгүй байхыг илүүд үзэж  бялууны эхний том хэрчмүүдийг тэдэнд хуваарилсан. Намын дарга Н.Алтанхуяг хамгийн том бүлэглэл МоАХ-ны тэргүүн Х.Баттулга хоёр ч учраа олжээ.

Фракцид хоёр яамыг Улаанбаатар хотын захиргаатай өгөхөөр шийджээ. Х.Баттулга эргээд ЗТБХБ-ын яамандаа ирэх бололтой. Өөрөөр хэлбэл ирэх жилүүдэд Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, барилга байгууламж АН-аас гэхээсээ илүү МоАХ-ны фракциас бүхэлдээ хамаарах болж байна. Улаанбаатарын утааг арилгана, гэр хорооллын бүх айлыг төвийн дулааны шугам сүлжээнд холбоно, хаус хороолол болгоно, баячуудын газрыг хурааж иргэн бүрт хувааж өгнө, хотын захиргааг гэр хорооллын зах руу нүүлгэнэ гэсэн том амлалтаар ялалтад хүрсэн.

Тиймээс хотыг бүхэлд нь МоАХ-нд өгөх стратегийг Н.Алтанхуяг болон Алтангадасынхан бодож олжээ. “Шонхор” фракцид УИХ-ыг өгөхөөр тохиролцож үүний дагуу З.Энхболд спикщр болчихоод байгаа. Үүний дараа Шонхорынхон байнгын хороодыг толгойлох их ажил үлдэж байна. Сонгуулиас өмнө хүчээ аваад байсан “Нэг ардчилал” фракци Н.Алтахуягийн танхимд орж ирэхгүй бол бас л болохгүй. Намын толгой болсон залуучууд энэ  фракид хамаарч байгаа.   Х.Тэмүүжин, Л.Гантөмөр нар сайдын суудалгүй үлдвэл нам дотор  нэлээд том зөрчилдөөн үргэлжилнэ гэсэн үг.

Харин  МҮДН, Кроун фракциудад ч нэг  нэг яам хуваарилана.  Гэвч МҮДН-аас гаралтай “фортуна” Н.Батбаяр Сангийн яамыг авах санал гаргажээ. Тэрбээр дөрвөн жилийн өмнө энэ яамыг авах гээд чадалгүй С.Баярцогтод алдсан. Тэгээд дөрвөн жил С.Баярцогтыг шүүмжлэгчдийн армийг толгойлсон. Энэ бүхнээ сануулаад ч Сангийн яамыг Алтангадасаас салгаж чадаагүй гэнэ. Харин энэ удаа Алтангадасынхан Сангийн яам гэхээсээ илүүдтэй Хөглдийн яам руу анхаарлаа хандуулж байна. Хөгжлийн яамтай болчихвол Сангийн яамны төлөө үхэлдээд байх шаардлагагүй болно.

Эвсэлд нэгдэж байгаа намуудад Шадар сайд, Эрүүл мэнд, Байгаль орчин, аялал жуулчлал, Дотоод хэргийн гэх яамдуудыг өгөх болж байгаа. Энэ нь бялууны хамгийн нимгэн хэсэг гэсэн үг. Үүнд бусад намууд гомдоогүй. Харин АН-ын фракциудыг дотоод зөрчлөө хурдан шийдэж Засгийн газраа хурдан төвхнүүлэхийг л хүлээж байна.

Амралтын өдөр, баяр наадам гэлтгүй их ажлын дөрвөн жил биднийг хүлээж байна гэж мэдэгдэж байсан АН-ын гүйцэтгэх засаглалын бүрэлдэхүүн тун удахгүй  үрэлдэнэ. Харин дараагийн бялуу болох дэд сайдын суудалд тийм ч  урт дараалал үүсээгүй байна. Дээдсээ бодвол тэд нь харин ч хурдан хэл амаа ололцсон бололтой.

www.times.mn


URL:

Сэтгэгдэл бичих