Түр оршин суух байрыг хариуцах хүн алга
Нийслэлийн хүн амын 58.5 хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа бий. Монгол улсын Засгийн газраас БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 60 сая ам.долларыг орон сууцны VII, XIV хорооллыг барихад зарцуулахаар төсөвлөж, 2010 оноос барилга, байгууламж барих ажил эхлээд байгаа.
Тиймээс хороолол баригдах бүс нутагт амьдарч байсан, иргэд газраа чөлөөлөн орон сууцад орох хүртлээ түр амьдран суухад зориулж байр бэлтгэх шаардлага гарсан.
Эхний ээлжинд тэдгээр айл өрхийг түр суурьшуулах 300 айлын орон сууцны барилга баригдаж байгаа.
Түр оршин суух байр нь 27 метр квадратаас 35.5 метр квадрат талбай бүхий өрөөнүүдтэй, 15 давхар хос барилга юм.
Бид энэ удаа барилгын явц ямар шатанд байгаа талаар сонирхлоо. Барилгын ажилтай танилцаж явахад нэгнийх нь гадаад засал чимэглэл хийгдсэн байсан ч доторх нь дуусах болоогүй байлаа. Харин нөгөөгийнх нь дотор байтугай гадаад засал нь ч хийгдээгүй байв.
Барилгын ажлын үйл явц, хүлээлгэн өгөх хугацааны талаар мэдээлэл авахыг зорьсон ч хариуцах эзэн олдсонгүй.
Ямартай ч барилгын ажил хэвийн үргэлжилж байгаагаас харвал өвлийн хүйтэн болохоос өмнө ашиглалтад орж, иргэдийн хүлээлт талаар өнгөрөхгүй бололтой.
URL: