МАН З.Энхболдыг томилсон асуудлаар Үндсэн Хуулийн Цэцэд хандлаа

Шинэхэн УИХ томилогдсноосоо хойш олон асуудал дагуулсаар ирсэн. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, С.Бямбацогт нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэд УИХ-ын дарга З.Энхболдыг  томилохдоо  Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулин дахь  заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэж буй аж.

Энэ тухай Н.Энхболд:  “УИХ-ын чуулганы анхдугаар хуралдааныг зарлах болон УИХ-ын даргыг томилох асуудал нь тусгай хуулиар зохицуулагддаг. Тодруулж хэлбэл, хамгийн ахмад настай гишүүн нь УИХ-ын анхдугаар чуулганыг зарлаж, улмаар чуулганаа удирдана. Хуульд хоёр, гурав дахь ахмад настнаар чуулганы анхдугаар хуралдааныг удирдуулна гэсэн заалт байдаггүй. Нөгөөтэйгүүр, энэ удаагийн сонгуулиар аль ч улстөрийн хүчин нь парламентад 39-ээс дээш тооны суудал авч чадаагүй. Тиймээс УИХ-ын даргыг томилохдоо улстөрийн намуудтай заавал зөвшилцөх ёстой. Энэ хүрээнд УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын даргад нэр дэвшигчийг бүлгийн хуралдаанд оролцож, байр сууриа илэрхийлэхийг хүссэн. Гэвч УИХ-ын даргад нэр дэвшигч нь татгалзсан.

Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд лхагва гаригаас хэтрүүлэлгүйгээр УИХ-ын даргыг томилох асуудал дээр байр сууриа нэгтгэж, зөвшилцөлд хариу өгнө гэдгээ мэдэгдсэн байсан. Дээр нь УИХ-ын анхдугаар хуралдааныг удирдах чиг үүрэгтэй хамгийн ахмад гишүүн болох Д.Дэмбэрэлийн хувьд анхдугаар чуулганыг лхагва гаригийн 10.00 цагт зарласан болохоо мэдэгдэж, захирамж гаргасан байсан. Энэ үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ бүхнийг үл тоомсорлон хүч түрж, УИХ-ын анхдугаар чуулганыг гишүүд бүрэн бүрдээгүй байхад зарлаж, УИХ-ын даргыг томилсон нь мордохын хазгай гэгч болж байна.

Мөн хуульд зааснаар УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцох ёстой, энэ заалт бас хэрэгжээгүй. Дээр нь УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл өчигдөр орой, мөн өнөөдөр өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой биечлэн уулзаж, УИХ-ын чуулганы анхдугаар хуралдааны үргэлжлэлийг маргааш 10.00 цагт эхлүүлэхээр болсноо мэдэгдэж, байр сууриа тодорхой мэдэгдсэн атал УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь хууль зөрчлөө. Тиймээс энэхүү хууль зөрчсөн үйлдлийг засах ёстой. УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд эл асуудлын хүрээнд Үндсэн хуулийн цэцэд хандах болно” хэмээн өгүүлсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих